Энэ сарын 6-ны өдөр /2024.09.06/ Скай гарденд байрлах Чимээтэй номын санд “Япон цэцэрлэгийн нууцууд” номын нээлт боллоо.
Уг номын зохиолчоор Б.Гэрэлмаа ажилласан бол зураач Г.Сүрэн ажиллажээ. Уг ном нь хүүхэд хүмүүжлийн арга барилаараа алдартай япон цэцэрлэгийн сургалтын арга барилыг өөрсдийн туулсан бодит амьдрал дээр тулгуурлан бичсэнээрээ онцлогтой аж. Номын зохиолч нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хүүгээ хоёр настай байхад нь Япон улсыг зорьсноор тэдний адал явдал эхэлнэ. Япон улсад “Diamond Princess” хөлөг онгоцноо шинэ коронавирусын халдвар бүртгэгдэж дэлхий нийтийг шуугиулж байх үед тэд японд очиж хэрхэн цэцэрлэгт орсон хийгээд, ковид19 халдварын үед цэцэрлэг нь хэрхэн “гал алдахгүй” ажиллаж байсан талаар номын эхлэл хэсэгт өгүүлнэ.
Номын гол баатар болсон Ананд хүүгийн анхны цэцэрлэгийн сургах арга барил ээжийнх нь сэтгэлийг хөдөлгөснөөр анх удаа “Монгол хүү япон цэцрэлэгт суралцсан тэмдэглэл” нийтлэлээ хэвлүүлж, олон нийтэд чамгүй хүрснээр уг номоо үргэлжлүүлэх санаа сэдлээ олжээ. Уг номонд япон хэлгүй, япон соёлын мэдлэггүй ээж хүү хоёр дөрвөн жилийн хугацаанд хэрхэн цэцэрлэгээр хүмүүжиж, найз нөхөдтэй болж, япон хэлээ сайжруулсан хийгээд тулгарч байсан бэрхшээл, гунигтай үеүдээ ч тусгасан байна.
Номын зохиолч уг номынхоо талаар “Япон цэцэрлэгийн арга барилд өндөр төсөв шаардахгүйгээр хүүхдийн сэтгэл, оюуныг хөгжүүлэх маш олон тоглоомууд шигтгэж өгсөн байдаг. Нэг удаа гурван настнуудад зүгээр л сонингийн цаас өгчихсөн, тэд сонингоо жижиглэж ураад, дээр дээр нь давхарлаж наагаад тун хөгжилтэй харагдаж байлаа. Ямар учиртай болохыг лавлан асуувал хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлдэг учиртай, хүүхдийн гарын жижиг булчин хөгжсөнөөр тархи нь хөгжиж, хэл яриа нь хүртэл эрт цэгцэрдэг гэж багш хэлж байв. Энэ мэт өөрийн мэдэж авсан бяцхан арга, туршлагуудыг нь эгэл ээжийн тэмдэглэл болгон бичсэнээ та бүхэнд алдаа оноотой нь хамтад нь хүргэж буй юм” гэлээ.
Уг номыг удахгүй номын дэлгүүрүүдээр төдийгүй Төв талбайд болох “Номын үзэсгэлэн худалдаа”-ны үеэр худалдан борлуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )