Венецийн оддын цуглаан: Эвэртэй Лэди Гага, дүрсгүй Брэд Питт, зовуурьтай Жоли

2024 оны 09 сарын 15

Кино ертөнцийн тод үйл явдал болох 81 дэх удаагийн Венецийн кино наадам амжилттай болж өндөрлөлөө.

Оны шилдэг кино бүтээлүүд шүүгчид болон олон нийтийн үнэлгээ авч, “Алтан арслангууд” эздээ олсон. Харин загварын ертөнцийн шүүмжлэгчид улаан хивсээр алхсан оддын дүр төрхийг дахин хэлэлцэх боломж гарсан юм. Эвэртэй Лэди Гага, Эва Лонгориагийн усны хувцас, Брэд Питтийн дөрвөлжин хоншоортой гутал гээд оддын чамин гоёлууд олны анхаарлыг татлаа. Өдгөө 60 насны босгыг даваад байгаа Брэд Питт загварын чиг хандлагыг идэвхтэй дагадаг нэгэн. Үүнийгээ ч тэр Венецид батлав. Гэрэл зурагчдын дуранд хуучны анд Жорж Клунитэй завиар зугаалахдаа Брэд Питт хөх өнгийн костюм, цагаан футболк, нүдний шилтэй буусан бол улаан хивсэн дээгүүр алхахдаа нарийн мэдрэмжээ дахин нэг гайхуулаад амжив. Тэрбээр Инес де Рамон хайртай бүсгүйн хамт гарч ирэхдээ 1970-аад оны стиль болох трапецан торгон өмд, дөрвөлжин хоншоортой гутал жийсэн байв.  Тачаангуй тренд аль ч наадмын үед эрэлттэй хэвээр. Энэхүү трендийг идэвхтэй дагагч болохоо “Euphoria” цувралын од Сидни Суини харуулав. Тэрбээр хөхийг нь цэцгэн хээгээр халхалсан Armani брэндийн хар өнгийн үдшийн даашинзаар гангарчээ.

Дуучин Лэди Гага ээлжит удаа олон нийтийн сүлжээнд дуулиан тариад байна. Шалтгаан нь сүйт залуу Майкл Поланскийн хамтаар улаан хивсээр алхахдаа алдарт дуучин ер бусын загвартай гоёлоороо бусдын анхаарлыг татав. “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн тэр дэрвэгэр хормойтой, задгай энгэртэй хилэн даашинз өмсжээ. Эвэр бүхий малгай хүний нүдэнд тусна.

Нэвт гэрэлтсэн хувцас моодноос гараагүй л байна. Alberta Ferretti брэндийн урт даашинзаар гоёсон 49 настай жүжигчин Эва Лонгориа энэ тренд хуучрах болоогүйг харуулав.

Гоо биеэрээ гайхуулах дуртай Эмили Ратаковски Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд зориулж  Gucci брэндийн 2004 оны коллекцийн хуучны даашинзыг сонгосон байна. Загварыг нь Том Форд гаргаж байжээ. Супер модель ногоон өнгийн гэрэлтсэн материалтай, хийсэн V задгай энгэртэй даашинзаа Pasquale Bruni очир эрдэнэс шигтгэсэн урт ээмэг, бөгжтэй хослуулжээ. Эдриан Броуди, түүний бүсгүй Жоржиа Чэпмен нар “The Brutalist” киноны нээлтэд оролцов. Киноны дараа үзэгчид 12 минутын турш алга ташсан шигээ хосуудын дүр төрхийг мөн ижил сэтгэлийн хөдлөлтэй хүлээн авав. Чэпмен болор шигтгээ бүхий хагас гэрэлтсэн даашинз сонгосон бол сүйт Броудигийн очир эрдэнэсээр шигтгэсэн энгэрийн зүүлт олны нүдийг хужирлав.

Австралийн 55 настай жүжигчин, “Оушений 8 найз эмэгтэйн” нэг Кейт Бланшетт Armani брэндийн өндөр суудалтай, хар өнгийн өмдөө хөхийг нь бага зэрэг ил гаргасан сувдан топтой хослуулжээ. Стилист Элизабет Стюарт түүнд жижиг ээмэг, шовх үзүүртэй туфль сонгож өгсөн байна. Бланшетт өөрийн өвөрмөц стилиэр олныг нэг бус удаа гайхшируулж байсан. Наймдугаар сард тэрбээр “Borderlands” киноны нээлтэд ирэхдээ хар өмдний дээр 102 мөнгөн халбаганаас бүтсэн топоор гангарч байлаа.

Испанийн кино найруулагч Педро Альмодовар кино наадамд “Хажуу өрөө” нэртэй бүтээлтэйгээ ирсэн. Олны анхаарлын түүний кино төдийгүй Loewe брэндийн тод ягаан өнгийн костюм нь татав. Тэрбээр алтан өдний хэлбэр бүхий зүүлт, хар шилээр гангарчээ. Өвөрмөц төрхийг нь “Vogue” сэтгүүл мөн онцолсон байна.  ХХ зуунд эмэгтэйчүүдийн өнгө гэгдэж байсан ягаан өнгө XXI зууны эрчүүдийн хувцасны шүүгээнд харагдах нь элбэгшсэн. 2019 оны Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагааны үдэшлэгт дуучин Рианнагийн найз залуу реппер A$AP Rocky мөн Loewe брэндийн ягаан костюмаар гангарч байлаа. 2020 оны ёслолын ажиллагааг Lil Nas X, Tyler the Creator болон Shawn Mendes нар ягаан өнгөөр чимж байсан бол 2021 оны Тони шагнал гардуулах ёслолд Жейк Жилленхол Prada  брэндийн ягаан хослолтой оролцож байлаа. Клунигийнхан Венецийг дэлхийн хамгийн романтик хот гэж үздэг. Арван жилийн өмнө Венец хотод хосууд нууцаар гэрлэж байсан. Амаль Versace брэндийн цайвар өнгийн даашинзыг Aquazzura брэндийн цагаан туфлитэй хослуулсан бол эр нөхөр нь классик загварт үнэнч гэдгээ баталж, хар өнгийн костюм, эрвээхэй зангиаг сонгожээ. Харин түүний анд 60 настай Брэд Питт дүрсгүй төрхөө дахин нэг харуулав. Классик загварын оронд тэрбээр Louis Vuitton брэндийн хар пиджак, трапецан өмд сонгожээ. Дотуур нь гэрэлтсэн футболк өмсөж, зангианаас ор татгалзсан байна.

Энэ үеэр экс нөхөртэйгөө таарахгүйн тулд их хичээсэн Анжелина Жолигийн гадаад төрх шүтэн бишрэгчдийг нь гайхшируулав. Зарим нь түүнийг бүр өвдсөн байх гэсэн таамаг хүртэл дэвшүүлж үзэв. Хэт туранхай жүжигчин хар даашинз дээрээ үслэг нөмрөг нөмөрчээ. Энэ улиралд тренд болоод байгаа гүн улаан өнгөөр уруулаа тодотгосон байна.

Моника Беллуччи Венецид найз залуу алдарт найруулагч Тим Бертоны хамтаар Венецид иржээ. Тэрбэр дэрвэгэр мөр бүхий бие барьсан хар даашинзаар гоёсон бол Бертон классик загварын хослол сонгосон байна. Италийн загвар өмсөгч, жүжигчин Касиа Смутняк Giorgio Armani загварын ордны өвөрмөц гоёлыг сонгосон нь олны нүдийг эрхгүй татав. Өргөн хилэн өмдөн дээр биеийг нь ил гаргасан жилетээр гоёжээ. 1920-иод оны стилийг санагдуулан хар шүрээр хийсэн толгойн гоёлоор өвөрмөц төрхөө тодотгожээ. Үнэнч шүтэн бишрэгчид нь Касиаг нуруундаа шинэ шивээстэй болсныг анзаарсан байна. “Хэрэв бурхан надад ..:” гэсэн шүлгийн мөр бүхий хуучин шивээсээ дарж луу шивүүлжээ. Луун шивээс нь жүжигчний амьдралын шинэ үеийг бэлгэдэж байна хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглан үлджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.179.15.130) 2024 оны 09 сарын 16

1000 сонсохоор 1 үз гэж, зүгээр л зургийг нь оруулсан бол

1  |  0
Зочин(202.55.188.115) 2024 оны 09 сарын 16

Зургийг нь оруулаач

2  |  0
Top