Өө, Д.Одбаяр чинь хуулийн сургууль төгсөөгүй байсан юмуу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Хуулийг хэн ч, юу ч гэж тайлбарлаж болдог бол хууль гаргах хэрэггүй болов уу. Үүний хажуугаар бас хэн ч, яаж ч ойлгож болох балай хууль гаргадаг хууль тогтоох багууллага буюу УИХ гэж ер нь байгаад ч яадаг байна аа. Хүмүүст одоо яг ийм л ойлголт төрөөд байдаг болчихож. УИХ-ын гишүүн Д.Дондогийн залилан, авлигын хэргийг цагдаагийнхан  мөрдөн шалгаж, прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд УИХ-д гурвантаа хандав. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга, МАН-ын гишүүн Д.Одбаяр нь “Түдгэлзүүлэх боломжгүй” гээд байгаа. Тэрээр сүүлийн өдрүүдэд “Д.Дондогийн асуудлаар УИХ байр сууриа илэрхийлчихсэн” гэх болжээ. Харин прокурорууд Д.Одбаярын тайлбарыг няцааж байна. Д.Одбаяр болохоор УИХ-ын тухай хуулийн “Гэмт үйлдэлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэснийг өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлаад хөдөлдөггүй. Тэгвэл Улсын Ерөнхий прокуорынхон яг энэ заалтыг нь үндэслэн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д тавьжээ. “Ичмээр дамшиг даа” гэдэг шиг л юм болов бололтой. Хуульд тайлбар хийх эрх зөвхөн Дээд шүүхэд бий. Харамсалтай нь өнөөдөр Д.Одбаяр тайлбарладаг болчихож. Тэгээд нэг хуулийн, нэг заалтаар прокуроруудтай маргалдаад, өөрийнхөөрөө зүтгээд байгаа нь бүр ч сонин. Мөн түүнчлэн Д.Одбаяр УИХ-ын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг лут амьтан болоод байна. Үүнийг нь дээр өгүүлсэн түүний “УИХ байр сууриа илэрхийлсэн” гэснээс  бэлхнээ  харж болно. Уг нь УИХ маань чуулганаараа асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар байр сууриа тодорхойлдог ёстой биш билүү. Гэтэл  Д.Одбаяр өнөөдөр прокурорын саналыг УИХ-аар хэлэлцүүлэх нь бүү хэл өөрийн удирдаж байгаа Хууль зүйн байнгын хороогоор ч хэлэлцүүлээгүй байж “УИХ-ын байр суурь” гэж том дуугарч байна. Ер нь ингэхэд Д.Одбаяр чинь хуульч хүн мөн үү гэсэн асуулт бас эндээс босоод ирлээ. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан гэдэг биз дээ. Хуулиа мэдэхгүй, төрт ёсны наад захын хэм хэмжээгээ сахих чадваргүй хүнээр сайдын суудал бөглүүлж байсан хэрэг үү, тэгээд. Аягүй бол сургууль төгссөн диплом нь хуурамч байх аа. Ардын намынханы дотроос хуурамч дипломтонгууд томоохон албан тушаалд очдог моод ихээхэн түгээмэл болсон гээд байгаа шүү дээ. Эцсийн дүнд “УИХ-ын байр суурь” хэмээн тэнэгтсэн  түүний хувьд “Би хуулийн сургууль төгсөөгүй” гэж өчсөнтэй яг адилхан сонсогдож байна.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top