Монголын бүх малчид ХААН банкинд өртэй гэсэн явган яриа байдаг. Хуучин нийгмээс үлдсэн Хөдөө аж ахуйн банкны суурин дээр хөнгөхөөн хөл дээрээ боссон “Хаан” банкныхан одоо улс орны өнцөг булан бүрт салбартай хэмээн бахархдаг. Гэтэл Монголд хамгийн олон салбартай хэмээн гайхуулдаг, түүгээрээ имиж бүрдүүлдэг тус банкныхан жирийн иргэдээс хол, мөнгөтэй хүмүүст ойр байх зорилго тавьсан бололтой. Төрөөс иргэдэд олгож байгаа эх орны хишгийг олгохоос татгалзаж, “Манай ажилд асар их хэмжээний чирэгдэл учруулж байна” хэмээн тайлбарлаж, үүнийгээ өнгөрсөн зургадугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэнтээ илэрхийлээд авсан. Өөрөөр хэлбэл, “Танд ойрхон Түмэнд итгэлтэй” уриатай ХААН банкныхан ард түмнээсээ холдож эхэлснээ ийн зарлаж байсан юм.
Төрийн үйлчилгээг үзүүлж чадахгүй хэмээн төрийн байгууллагад албан бичиг илгээн “Асуудлаа шийд бид чадахгүй” хэмээн гэдийж байсан ХААН-ынхан өдгөө огт өөр зүйл ярьж эхэлжээ. “Бид Хүний хөгжил сангийн мөнгийг тараахаас татгалзаагүй. Биднээс асуулгүйгээр энэ үйлчилгээг “Хадгаламж” банкинд шилжүүлчихлээ” хэмээн төрийн байгууллагыг буруутгаж байна. Гэтэл энэ нь тэдний хувьд гэнэтийн шийдвэр биш гэдгийг илтгэх баримт хангалттай бий юм. ХААН банкныхан энэ оны эхнээс удаа дараа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст албан бичиг илгээж, Эх орны хишиг олгохоос татгалзах тухай мэдэгдэж байжээ. Ганцхан жишээ татахад 2011 оны нэгдүгээр сарын 6-нд илгээсэн албан бичигтээ хэдэн зуун саяар хэмжигдэх алдагдал хүлээж байгаагаа жагсаан бичжээ.
“Манай банк зөвхөн дээрх үйлчилгээнд зориулж теллерүүддээ сард 300 сая төгрөгийн цалин олгож байна. Халаалт, цахилгаан, хамгаалалт зэргийг тооцвол 170 сая төгрөгийн зардал гарч байна. Гэтэл нэг хүнээс авч байгаа хураамжийн 50 төгрөгийг тооцож үзээд ч бид 300 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн утгатай үгсийг тэд албан бичигтээ дайж байв. ХААН банкныхан эртнээс “нүхээ малтаж”, иргэдэд хувь хишиг тараахгүй байх талаар сануулж байсныг үүгээр баталж болох юм. Харин төрөөс олгож байгаа хувь хишгийг ХААН банкаар тараахгүй болсон тухай шуугиад эхлэнгүүт л гэнэт ой тойнд нь орсон бололтой. ХААН банк жирийн иргэдэд үйлчлэхээс татгалзлаа гэдэг мээсэж олон нийтэд таалагдаагүй нь илэрхий тул “Бид татгалзаагүй. Зөвхөн шаардлага тавьсан” хэмээн үгнээсээ буцах болов.
Хаан банкны иргэдийг басамжилсан үйлдэл зөвхөн үүгээр дуусахгүй. Сүүлийн үед ХААН банкныхан иргэдийг ялгаварласан бас нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Уншигч танд сануулахад та тус банкны харилцагч биш л бол хэн ч байсан хаалгаар нь шагайх эрхгүй болсон гэнэ. Өмнө нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тодорхой хураамжтайгаар, хүссэн хүн болгон ашиглаж болдог байсан бол одоо регистрийн дугаараар мөнгө шилжүүлдэг энэ үйлчилгээг зөвхөн ХААН банкинд данстай хүн л ашиглах болсон байна. Удаан дугаарлаж очсон харилцагчиддаа “Та манайд дансгүй учир мөнгө гуйвуулах боломжгүй” гэсэн үгийг санаан зоргоор хэлж сууна. Өөрөөр хэлбэл, “Манайх хамгийн олон салбартай, манай банкны үйлчилгээг данс нээлгэсний дараа авч болно” гэсэн монополь шаардлагыг тэд хэрэглэгчдийн өмнө тавих болжээ. Тэгэхээр ХААН банкаар үйлчлүүлэхийн тулд нэг бол данс нээлгэх эсвэл огт орохгүй байх гэсэн хоёр л замын нэгийг л сонгох болж байгаа юм. Бизнесийн болоод үйлчилгээний ёс зүйд байж боломгүй бүдүүлэг, хэрэглэгчдэд чирэгдэл учруулсан тэдний энэ байдлыг монополь байдлаа тогтоох гэсэн арга гэж дүгнэхээс өөр аргагүй юм.
ХААН банкны гайхмаар үйлчилгээ үүгээр дуусахгүй. Иргэний үнэмлэхээ ашиглан, ХААН банкаар дамжуулж мөнгө авсан тохиолдолд автоматаар данс нээгдчихдэг гаж хууль энд үйлчилдэг. Та данс нээлгэхийг хүссэн үгүй нь огт хамаагүй. Бүр хачирхалтай нь та үл мэдэх дансаа хаалгахыг хүссэн тохиолдолд заавал нээлгэсэн газраа гарын үсэг зурж хаалгах ёстой гэсэн толгой эргэм хариулт өгөх вий. Ямар нууцлалын баталгаатай нь ч тодорхойгүй данс таны нэрээр нээгдчихсэн байвал бүү гайхаарай. Дансны аюулгүй байдлын баталгааг бүрэн хангаагүй, эрсдэл өндөртэй, хэрэглэгч өөрөө ч мэдээгүй байхад дур мэдэн данс нээх энэ аргын цаана ч мөнөөх л монополь байх ХААН банкны башир арга нуугдаж байгаа бололтой. Энэ мэтээр “Танд ойрхон, Түмэнд итгэлтэй” хэмээн сүржин рекламддаг ХААН банкныхан эгэл жирийн харилцагчдаасаа улам бүр холдсоор байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )