Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлалтай бохир усны шугам бөглөрч, авто зам руу урсжээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын суурь шороог ил задгай хаяснаас үүдэн дээрх хороонд байрлалтай “Garden city”, “Mandala garden” зэрэг орон сууцны хорооллуудын бохирын худаг тагларсан байна. Үүнээс үүдэн 2000 орчим өрх хохироод байгаа аж.
Улмаар УСУГ-аас тухайн газарт гарсан гэмтлийг засаж, хэвийн болгохоор газар дээр нь шуурхай ажиллаж байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн шороог өнгөрсөн наймдугаар сараас эхлэн олон нийтийн эзэмшлийн хэсэгт асгаж эхэлсэн байна.
Тухайн үед Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлалтай “OPEN HOUSE” конторын инженер С.Нэргүй тус газар шороо асгах нь бохирын шугам бөглөрч, гэмтэл гарах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Гэвч өргөтгөлийн ажлыг хариуцаж байгаа “Сhinа railway first group” тус эрсдэлийг үл тоосноос үүдэн өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн байна.
ВИДЕО ҮЗЭХ:
УСУГ-ын шугам ашиглалт, засварын албаны бохир усны шугамын инженер О.Хашхүү ярихдаа "Дундын эзэмшлийн 300-гийн шугам бөглөрсөн. Яармагийн эмнэлгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаад суурийн шороогоо нийтийн эзэмшлийн талбайд гаргаж ирээд овоолго болгоод асгачихсан. Үүнээс болоод хоёр гурван худаг руу шороо орж, нэг худгийг бүр нам дараад хаячихсан шалтгаанаас болоод бид урьд шөнө 00:00 цагаас одоог хүртэл ажиллаж байна. Усыг урсгаж болохгүй болохоор бохирыг соруулж байна. Голд нь ойр ойрхон ухаад шугамуудын гэмтлийг авна” гэлээ.
“Open house” конторын хэсгийн инженер С.Нэргүй "Барилгыг барьж байгаа хятад компанид бид шороо асгасан цагаас нь хойш бохирын худаг байгаа, дарж болохгүй гэдгийг удаа дараалан анхааруулсан. Бид орчуулагчаар нь дамжуулан гурав дөрвөн удаа хэлсэн. Шороо асгаж, бохирын худгийг дарсны дараа танайх ингэж болохгүй, худгийг ухаж гарга гээд шаардлага тавихад ухаж гаргаж өгч байгаа нь энэ гээд гурван худаг дараалан шороогоор дүүрэхэд хүргэчихлээ. Худгийн цементэн тагийг хагалаад дүүрэн шороо хийчихлээ. Урьд шөнийн 21:00 цагаас хойш одоог хүртэл бид тасралтгүй ажиллаж байна. Одоо хятад компани "Манайх шороо хийгээгүй" гээд байгаа. Энэ шороог тэд овоолоогүй бол худаг руу орохгүй шүү дээ. Шороогоо асгаж, дээр нь овоолсноос болоод худаг руу шороо орж, ийм асуудал үүслээ" гэв.
Түүнчлэн сантехникийн инженер О.Батзориг "Мандала Гарден хотхоныг хариуцсан манай конторт 700 гаруй өрх байгаа. Гарден Ситийг хариуцдаг "OPEN HOUSE" конторт 1000 гаруй оршин суугч байгаа. Эдгээр айл усгүй болж байна. Бохирын хэрэглээнээс болоод төв зам руу бохир ус гарч байна. Энэ нь орчны бохирдолд маш их нөлөөлж байгаа юм" гэлээ.
Дээрх асуудлаас үүдэн Яармагийн зам руу бохир урсаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байгаа юм.
Нийтийн эзэмшлийн газар барилгын суурь шороог хаяхгүй байхыг бохир усны шугамын инженер О.Хашхүү анхаарууллаа. Мөн бохир усны шугам хоолойг хариуцаж байгаа орон сууц болон ашиглалт хариуцсан конторууд шугамынхаа гэмтэл, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь иргэдийн ая тухтай амьдрах боломжийг нээж өгөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Бзд 13-р хороонд барилга барьж бгаа компанууд шороогоо хаа сайгүй асгаад бгаа шүү
За ёооё үнэн арчаагүй юмаа асгаад эхлэнгүүт хотын шуурхай удирдлага Нямбаатарт цаашлаад Оюунэрдэнэд хүртэл хэлэхгүй яасын хайран хөрс шороо бузарлаад баастай нь хутгатал юу хийж байсан юм хэлгүй дүлий сохох биш биздээ? хятадуудад хэлээд яахын тэд нар хүний нутгийн юмыг хайрлахгүй санаатай ч сүйдэлнэ угаасаа ч хайр найргүй бүдүүлэг хүмүүс шд.