Эрхлэгчийн зурвас I "Өглөөний сонин" 18 нас хүрлээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

Mонголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр тусмаа өдөр тутмын сонины талбарт “Өглөөний сонин” гарч ирж, өөрийн орон зайгаа эзэлсэн цагаас хойш  эдүгээ 18 жил болжээ. Тэр үед сонин гэдэг мэдээллийн чухал хэрэгсэл одоогийнх шиг  гарын таван хуруунд багтах хэмжээнд байсангүй. Өдөр тутмын сонин гэхэд л 20 гаруй, чөлөөт хэвлэлийг оролцуулбал 30 шахам сонин уншигч, захиалагчдын гар дээр очдог байв.

Монголчууд сонин, сэтгүүл захиалдаг, нийгмээ соён гэгээрүүлэх үүргийг хэвлэл мэдээллийнхэн давхар гүйцэтгэж байлаа. Дээр нь мэдээллийн хурд гэдэг юугаар ч хэмжигдэшгүй. Тогтмол хэвлэлийн энэ том өрсөлдөөн дунд “Өглөөний сонин” өөрийн гэсэн өнгө, хэмнэлээр уншигчдадаа хүрч эхэлсэн юм. Мөн мэргэжлийн сэтгүүлчдийн  том редакц бүрдүүлж, нийтлэлийн бодлогоо улам чамбайруулснаар тогтмол захиалгатай болж, хэвлэл мэдээллийн салбарт цахиур хагалах болсон билээ.

Тэр үед цоо шинэ сонинд итгэл өгч захиалсан 30 мянган захиалагчид 18 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлье. Анхны дугаарыг өлгийдөж авсан үүсгэн байгуулагч Р.Хадбаатар, Ерөнхий эрхлэгч О.Мөнх-Эрдэнэ, түүний баг хамт олонд болон үе, үеийн Ерөнхий эрхлэгч, уран бүтээлч, сэтгүүлчид, мэргэжил нэгт найз нөхдөдөө, үргэлж хамт байсан нийт уншигч, захиалагчдадаа баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өдөр тутмын мэдээ мэдээллийг уншигчдадаа шуурхай хүргэх, тив алгасан дэлхийн халуун цэгт юу болж буйг тольдон сурвалжилах, өнгө нь хэдэнтээ хувирдаг улс төрийн үйл явдлын голыг нь олж тоймлох, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх олон үүргийг сэтгүүлчид гүйцэтгэдэг. “Өглөөний сонин”-ы хамт олон энэ үүргээ 18 жилийн турш нэр төртэй, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатайгаар биелүүлж ирлээ. 

Хэдийгээр техникийн дэвшлийг даган хэвлэл мэдээллийн салбар сүүлийн жилүүдэд цахимд идэвхтэй шилжиж буй ч тогтмол хэвлэл, өдөр тутмын сонинууд үнэ цэнээ хадгалж, хүндтэй байр суурийг эзэлсэн хэвээр байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлийн давалгаан дунд “Өглөөний сонин” цахим талбарт өөрийн хаягаар хуудас нээж, мэдээллийн тоймоо цаг алдалгүй хүргэж, уншигч, захиалагчтайгаа эргэх холбоо тогтоон ажиллаж ирэв.

Өдгөө манай уран бүтээлч хамт олон 18 дахь жилийнхээ ажил, зорилгыг шинэчлэн төлөвлөж байна. Бүхий л цаг үед бидэнтэй үргэлж хамт байж ирсэн үнэнч уншигч, захиалагчдадаа баярлалаа. Амжилт, бүтээл, алдаа онооны алинд ч хамтдаа сурч, туршлага хуримтлуулж урагшаа зүтгэж ирсэн хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ “Өглөөний сонин”-ы 18 жилийн ойн баярын  мэнд хүргэе.

Ерөнхий эрхлэгч  Чанцалын Үл-Олдох

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top