9-р сарын 21-нд хөдөлмөрийн гавшгайч Ханты-Мансийск болон Екатеринбург хотуудаас ГАЗ М-20 «Победа» загварын хуучны ховор автомашинуудтай олон улсын өвөрмөц медиа экспедиц гараанаасаа гарч, Урал, Сибирийн холбооны тойргуудын хотуудаар дайран аялж, 10-р сарын 2-нд Монголд ирлээ.
Улаанбаатар хотноо медиа экспедицийн оролцогчдыг ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэд нар 1939 онд Халхын голд болсон үйл явдал, мөн Аугаа их Эх орны дайны хүнд хэцүү жилүүдэд ахан дүүс Монголын ард түмэн ЗХУ-д ихээхэн тусламж үзүүлсэн талаар ОХУ-ын хот болгонд ярьж өгч байсан тухайгаа дуулгалаа.
“Монголд хүмүүс биднийг халуун дотноор хүлээн авч, манай “Победа” машинтай зургаа авхуулж, капотыг нь онгойлгохыг хүсэж, морины хүчийг нь асууж байгаа” гэж экспедицийнхэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Алексей Николаевич ирэх онд Дэлхийн хоёрдугаар дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ой тохиох гэж буйг дурдаад 2025 оны есдүгээр сард Манжийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн ялалтаар дууссаны ойг тохиолдуулан экспедицийн оролцогчдыг Монголд дахин нэг ирэхийг урив.
ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон уулзалтын дараа «Победа» машинууд Халхын гол дээр болсон байлдааны газрыг зорин морджээ.
“Бидний сэтгэл зүрхэн дэх ялалт” төсөл 2012 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Аугаа их Эх орны дайны үйл явдлуудын тухай түүхэн ой санамжийг хадгалан үлдэхэд чиглэгдсэн байна. 2013 онд хэвлэл мэдээллийн экспедиц хуучнаар ЗХУ-ын баатар хотуудаар аялж, 2015 онд Берлинд хүрсэн. Энэ жилийн арга хэмжээ Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЗХУ, Монгол Улсын дайчин нөхөрлөлийн уламжлалыг эргэн сануулах зорилготой юм.
Медиа экспедицийн багт байлдааны үйл ажиллагаанд оролцож байсан ахмад дайчид, Цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын сайн дурынхан багтжээ. Мөн энэ жилийн төсөлд Бүгд Найрамдах Молдав Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Серби, Хятад, Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )