2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
Сурагчдын I болон II улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгаж, нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон.
Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөгдсөн бөгөөд эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох аж.
Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийг танилцуулж байна.
Тухайлбал, суралцагчдад очих ачааллыг тооцож, үйл ажиллагааг нэгтгэн интеграц байдлаар зохион байгуулах буюу бие даан гүйцэтгэх ажлыг сонирхлын дагуу баг болгон байгалийн ухаан, нийгмийн ухаан гэх мэт судлагдахууны интеграц хэлбэрээр өгч болно.
Ингэхдээ хийж гүйцэтгэх хугацааг бага ангид өдөрт 15-20 минут, дунд болон ахлах ангид өдөрт 30-40 минутаас ихгүй байхаар төлөвлөхийг зөвлөжээ.
Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэнэ.
Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болно хэмээн заажээ.
Сэтгэгдэл ( 0 )