“ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Ногоон таксономи”-г 2019 онд, “Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийг өнгөрсөн онд тус, тус баталсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталснаар дотоодын компаниудаас ногоон бонд гаргах замаар байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоо бүрдэхэд чухал ач холбогдолтой алхам болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллах, дотоодын байгууллагууд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болгож тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад ногоон хөрөнгө оруулалтын сонголтыг бий болгох зорилтын хүрээнд дотоодын анхны ногоон бондыг системийн нөлөө бүхий банкуудын нэг болох “ХААН банк” ХК гаргасан. “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгасан бондын хөтөлбөр хэрэгжүүлэх буюу тухайн компани нэг удаа бондоо бүртгүүлээд санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага байгаа үедээ хэсэгчлэн бондоо гаргах боломжтой зохицуулалтын хүрээнд энэ удаагийн бондыг нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн дахин нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэдгийг онцолсон юм.
Төгрөгийн болон ам.долларын хосолсон хэлбэрээр энэхүү бондыг гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд өнгөрөгч онд эхний хөтөлбөрийн хүрээнд 36 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 17 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Харин өнөөдөр буюу хоёр дахь удаагийн хөтөлбөрөөр арилжаалж буй бондоос 36 сарын хугацаатай, 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, нийт 25 сая ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж, арилжааг эхлүүлсэн даруйд дотоодын зах зээлд гарч буй анхны ногоон бондын хөтөлбөрийн санхүүжилтээ 100 хувь амжилттай татан төвлөрүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )