Төгсгөл. Түрүүч нь №178 дугаарт
НАМАА ТУЙЛДУУЛСАН ХЯРАМЦАГ
АН-ын хярамцаг сүүлдээ намаа түйвээж, туйлдуулж дуусссан л даа. Өмнөх олон намын фракц дагасан эдгэдэггүй шархыг Д.Эрдэнэбат генсек байхдаа нэг сорвижуулж дутуу аниулсан юм. Гэвч удаагүй, дараагийн даргын нүүрэн дээр дахиад л зад үсэрсэн. 2010 оны эхэн үе л дээ. Уг нь аль ч талаас нь бодоход АН нь аливаа сонгууль, улс төрийн бусад үйл ажиллагаанд МАН-ын гол өрсөлдөгч байх учиртай. АН нэг үе аймаг, хот болгонд хүрээгээ тэлж, үндэсний хэмжээний нам болж, гишүүдийн тоогоороо ч МАН-аас бараг давж явсан тэр сайн цагаар нь төсөөлбөл шүү дээ. Гагцхүү АН олны итгэлийг хүлээсэн ийм нам байснаа хуваагдан задарч, тогоон дотроо тэрсэлдэх болсноор сүүлийн сонгуулиудад МАН-ыг хүчтэй өрсөлдөгчгүй, сонгууль хэмээх уралдааны замд тааваараа гүйгээд түрүүлэх замыг нээдэг болсон хэрэг. Ялангуяа УИХ-ын 2020 оны сонгуульд МАН сонгуулийн марафоны замыг тэвдсэн юмгүй туулсан.
Төр, засгийн эрхийг барьж үзсэн туршлагатай, үндэсний хэмжээнд бүтэц, гишүүдтэй АН-д 2018-2023 оны хооронд хэдий парламентад хэдэн суудалтай, бүлэгтэй ч сөрөг хүчин болох байтугай доторх хагарлаа эвлэрүүлэх сэхээ байгаагүй. Нэг үе хоёр дарга, хоёр тамгатай тус тусдаа нам болчихоод аль нь жинхэнэ Дамбийжаа, хэн нь хуурамч Жа лам болох нь мэдэгдэхээ больсон. Жинхэнэ, хуурамч Дамбийжанцангууд сонгуульдаа бэлтгэхийн оронд бие биетэйгээ арцалдаж, хуурай нойтон өлсгөлөн зарлаж, лидер байсан эрхэм нь нөгөө талын нэгнээ дүүжлэнэ, өлгөнө хэмээн олон мянган гишүүдийнхээ өмнө авирлаж олны дургүйг хүргэн цааш түлхсэн. 1990 онд ганц намтай байхад ч гарч байгаагүй үзэгдэл болж, ардчилагчид маань Э.Бат-Үүл нарын зарим нэгнээ төв талбайд оруулалгүй хөөж туух болсон. Тухайн үед хэдийгээр хоёр талд О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг даргаар өргөмжилсөн ч эвлэрэх янзгүй, ард нь тайзнаас буух дургүй хуучин лидерүүд хуруу гараараа дохисоор бүр сульдаасан. Энэ байдал АН-ыг улс төрийн тайзнаас халтирахад ч хүргэсэн. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвших хүнгүй болж, ямар ч бэлтгэлгүй байсан С.Эрдэнэ өрсөлдөгчөө гоц мөргүүлээд яах вэ гэсэн байдлаар “зодоглож” цагаан хуудсанд өвдөг шороодон “Баян ходоод” болох шахсан. Ардчилалд төдийгөөс өдий хүртэл үнэнч явсан гишүүд нь дээрх лидерүүдийнхээ арчаагүйд гутрахдаа зүрхэндээ гуниг, цээжиндээ нулистайгаар цагаан хуудас түлхэж, зарим нь “Зөв хүн Электорат”-ын Д.Энхбатыг дэмжиж, нөгөө хэсэг нь МАН-ын нэр дэвшигчид саналаа өгч, бүр цөхөрсөн хэд нь сонгуульд оролцолгүй гэртээ үлдсэн. Ийм болтлоо АН-ын дотоод хямрал хярамцаг байтугай болов. Арай хийж Л.Гантөмөрийг дарга болгож сонгуульд оруулж УИХ-д санаснаас чамгүй суудалд хүрсэн.
Сая 2024 оны сонгуулиар сонгогчид парламентад сөрөг хүчин хүссэндээ л АН-д хэдэн суудал өгснөөс бус нэг их гийгүүлсэнд нь ч биш л дээ. Гэтэл нөгөөдүүл нь МАН-ын Засгийн газарт эвсэж ороод хамаг асуудалтай яамдыг нь толгойлчихсон. Одоо утааг С.Одонтуяа сайдаас, түгжрэлийг Р.Эрдэнэбүрэн сайдаас иргэд нэхнэ. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эзнийг олж тогтоож, энд тэнд эзэн захиалагч нь байгаа бол олж ирэх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хүлээнэ. Дөрвөн жилийн дараа түгжрэл арилаагүй, утаа буураагүй, С.Зориг агсны хөнөөсөн хэрэг илрээгүй бол буруутан нь АН байх болно. Хэрэв хугацаанаасаа өмнө засгаас хөөгдчихгүй бол шүү дээ.
ОДОО Ч ХЯМАРСААР
Сүүлийн үеийн байдлыг харвал АН-ынхан учраа олоод цааш явахад бас хэцүү л харагдана. Байнгын л дотроо хэрүүл маргаан, талцаантай. АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Чинбат саяхан мэдээлэл хийлээ. Орон нутгийн 2020, 2024 оны сонгуульд АН ялагдсаны шалтгааныг тэрбээр гаднаас огт хайх хэрэггүй гэсэн. УИХ-ын 2024 оны сонгуульд ч тааруухан оролцсон нь бүр эртнээс МАН-тай эвсэж Засгийн газарт орох талаар ярилцаж, эрх баригчдын халаасанд гүйж орсноос шалтгаалсан. АН-ыг үзэл баримтлалгүй болгож, эрх чөлөөний үзэл санаанаас нь ухраасан хүмүүс УИХ-д орсон учраас орон нутгийн сонгуулиар иргэд АН-д төдийлөн итгэсэнгүй. АН парламентад хэдэн суудалтай болмогцоо МАН-тай Засгийн газарт хамтарсан нь иргэдийн итгэлийг алдах шалтгаан болсон. АН иргэдийнхээ эрхийг хамгаалж, бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлж, хувийн өмчийг хамгаалдаг нам байлаа. Одоо эсрэгээрээ явж байгаа. Нэг хэсэг хүн АН-ыг арилжаа наймааны хэрэгсэл болгож байна” гэсэн нь өнөөгийн байдлыг нь бодитоор харуулсан үг гэлтэй. Тэрбээр орон нутгийн сонгуульд АН-ыг Х.Баттулгынхан төлөөлсөн нь ялагдах шалтгаан боллоо гэж хэлсэн.
Угаасаа ардчиллын төлөө анхнаас нь тууштай явсан гишүүд нь “АН-ын өнөөгийн удирдлага иргэдийн эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг хамгаалагч байх үндсэн зорилгоосоо нэгэнт ухарсан, барууны үзлээ орхисон. МАН-тай агаар нэг зүйл ярьдаг болсон. Хувийн өмчид халдах талаар зүүний үзэлтэй МАН-тай ижил зүйлийг УИХ-ын суудлаас тунхаглаад суудаг боллоо. Эрүүл саруул ухаантай хэсгээ намаас холдуулах арга саам хийдэг болсон” хэмээн хэлж байна.
АН-ын гишүүн байх нь нэгд, асар их мөнгө намдаа хандивлах, хоёрт, ерөөсөө энэ намын нэрээр сонгуульд гарах нь хүнд болсон тул Хөвсгөл аймагт АН-ын гишүүд бие даагч нэрээр орон нутгийн сонгуульд өрсөлдөж хэд хэдэн бие даагч ИТХ-ын гишүүн болсон. Уг нь Хөвсгөл аймаг нэгэн цагт ардчиллын цэнхэр туг дэрвүүлж явсан, ардчилагчид нь будилуулсаар улаан болсон л доо.
УИХ-ын гишүүд нь 2023 оноос намаа хумих гэж ядаж суугаа Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах учиртай хэмээн өдгөө ид ярьцгааж байна. Мөнөөх л хярамцгийн үргэлжлэл. Дараа хэн нэг нь дарга болоход энэ чөтгөрийн тойрог гарцаагүй үргэлжилнэ. Л.Гантөмар унах юм бол халааг нь Х.Баттулга авна. Ийм л тактикийг өнөөгийн УИХ-ын гишүүн, өнгөрсөндөө бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга барьж байгаа гэх хардлага давамгай харагдах боллоо.
Нам доторх шинэ хуучны хоорондын зөрчил ч үргэлжилсээр л байх янзтай. Саяхан УИХ-ын гишүүн Ө.Шижир “Өнгөрсөн 2017 оноос хойш сүүлийн бүх шатны долоон сонгуульд АН бүгдэд нь амжилт үзүүлээгүй. Одоо ах нар бүгдээрээ болно, амарцгаа. 2020 оны дөрвөн сараас хойш манай намд нэг ч албан ёсны генсек байсангүй, бүгд л үүрэг гүйцэтгэгч. Дандаа түр орлон гүйцэтгэгчтэй явсаар тав дахь жилдээ орж байна” гэв. Нээрээ л одоо ч УИХ-ын гишүүн асан Н.Ганибал гэдэг үүрэг гүйцэтгэгчтэй л сууж байгаа л даа. Түүний хариуд хууччуулын төлөөлөл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Шижир ээ, дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж, Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол нэгдүгээрт, чамд тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, чам шиг тэмцлийн утаа үнэрлэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм” гэсэн хариу барина лээ. Мөнөөх л өмнөхөө санагалзсан, байр суурь олдвол очоод суучих санаатайгаа харуулж байхгүй юу. Э.Бат-үүл баатар бас л хуучнаа санагалзаж даргын суудал олоод суучих санаатай яваагаа нуусангүй. Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын 45 суудлын тавхныг АН авсны дараа Э.Бат-Үүл нэг сүрхий мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "Нэгд, Би өөрийгөө Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж байна. Хоёрт, Тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, Хувийн өмчийн шударга бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" гэжээ. Хүсэд хүсээд өнөөгийн залуу гишүүд түүнд хотын АН-аа өгөхгүй л болов уу.
Хуучин партизанууд одоо дарга, лидер болно гэж явахаар залуустаа зөвлөөд, намаа хярамцгаас нь гаргаж эвлүүлэх талаар юм хийгээд сууж болдоггүй юм уу. Угаасаа АН-ын хямрал даамжирсаар хярамцаг болсон нь тэдний 30 гаруй жил явж хэрхэн явж ирсний зураг бус уу.
Доторх олон фракц бүлэглэл завсрын хороо дарж, шинэ, хуучны хоорондын зөрчлөө арилгаж, эвээ хичээж, баримталж асан үзэл бодол, бодлогодоо тууштай явбал үндэсний хэмжээний нам байсан, МАН-тай ач тач өрсөлдөж асан тэр байдал сэргэж болох юм.
Уг нь АН эргэж сэргээд улс төрийн сонгуульд ялалт байгуулдаггүй юм гэхэд ядаж аятайхан сөрөг хүчин хийгээд явбал Монголд хэрэгтэй. 1990 оны сэтгэлгээнээсээ салаагүй партизан дарга аснууд, орон зайг нь эзлэе гэвч архаг ахмадуудынхаа аргыг олдоггүй туушгүй туйлбар муутай залуус, сэнтий суудал зайдалж, ашиг хүртэж л байвал үзэл бодол огт хамаагүй нөхөд хоорондоо толхилцсоор Монголын улс төрийг сөрөг хүчингүй болголоо. Сөрөг хүчин байх гэдэг нь өөрөө улс төрийн том соёлын илэрхийлэл юм. Дотоод хагарал бутралаа зогсоож, эв эеэ олж, бүлэглэлүүдээ эмхэлж, гишүүд хийгээд нийгэмд алдагдсан нэр хүндээ сэргээж, гишүүд, дэмжигчдийнхээ найдварыг дахин олж, эрх баригчдын зөвийг дэмжиж, бурууг залруулж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг болсон цагт л АН хямралаасаа, хярамцгаасаа салж олны итгэлийг хүлээх байх. Гэхдээ үүнд цаг хугацаа ихээхэн орох нь зайлшгүй.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Yag unen\n
Яг үнэн