Дөрвөн тэгш ой давхцсан наадмын дараах аймгуудын наадмууд ар араасаа хөвөрч байна. Энэ жилийн хувьд 11 аймгийн тэгш ой тохиож байгаа. Бөхчүүд аль аймгийн наадам хэдий хэрийн бай шагнал өгч байна хэмээн бие биеэсээ сураглаж байгаад аймаг аймаг хэсэн барилдахын зэрэгцээ халаасаа түнтийлгэж шагналын хуранд дарагдах болов. Бөхгүй аймгийн тоонд орж хошигнолын бай болоод байсан Сэлэнгэ аймагтаа түүхт ойн наадамд үзүүрлэж 78 жилийн дараа улсын арслан цолыг авчирсан өсөх идэр начин Г.Эрхэмбаяр, улсын харцага цол хүртсэн улсын начин Т.Өсөх-ирээдүй нар “Ноёд” группын бөх. Тус аймгийн нутгийн зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, шинэхэн арслан, Гунаажавын Г.Эрхэмбаярыг Lexus 570 автомашинаар мялаасан бол зургаа давж харцага цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйд цагаан өнгийг Ланд 105 маркийн автомашин бэлэглэлээ.
Улсын арслан Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийнхаа 80 жилийн ойгоор нутагтаа түрүүлж дөрвөн тэгш ой давхцсан наадамд гаргасан амжилтаа улам бататгалаа. “Ноёд” группын эзэн нь Сэлэнгэ аймгийн харьяат, Г.Буяндорж гэдгийг олон нийт мэднэ. Тэр дундаа Монголын рок попын эрхэмсэг хатагтай МУГЖ Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь бүр сайн мэддэг. Г.Буяндорж эрхэм компаниар нь овоглодог нутгийн бөхчүүдээ Сэлэнгэ орон сууцны хорооллын 5 өрөө байр, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд мөн Сэлэнгэ орон сууцны хорооллын 2 өрөө байр бэлэглэж бөхөд хайртай нүнжигтэй эр болохоо харууллаа.
Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, зургаан насны морьд уралдсан сайхан наадам боллоо. Аймгийнхаа нэрээр дэлхийд танигдаад байгаа өмнийн говийнхон түрүүлсэн бөх, морио 30 сая төгрөгөөр байлсан юм. Уг барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат "Хилчин" спорт хороо, "Гарьд тур" ХХК-ний бөх аймгийн заан Б.Хашбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат улсын начин Л.Гантулга үзүүрлэжээ. Б.Хашбат энэ жилийн улсын наадмаар дөрөв давсан аймгийн хоёрхон зааны нэг юм байна.
Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийнхан наян жилийнхээ ойг сүртэй сайхан тэмдэглэлээ. Өнгөрөгч наадмын долоогийн даваанд улсын харцага Содномдорж, улсын заан Санжаадамба нарын барилдаан нэлээн будлиантай болж наадамчин олны ярих сэдэв болж байсан. Бөх сонирхогчид хоёр хуваагдан цэцийн шийдвэрийг ч зөв буруу гэлцсэн нь бий. Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглолоо. Наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Өнгөрсөн жил болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн наадмаар мөн л Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нар үзүүр түрүүд үлдэж Ц.Содномдорж түрүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа Х.Мөнхбаатар даагаа авлаа. Түрүү бөхөд 10 сая төгрөгийн бай шагнал гардуулсан байна. Хүчит бөхийн барилдааны үеэр Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын цол шинээр авсан бөхчүүдээ мялаасан юм. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдоржийг 30 сая, Төмөрбулаг сумын харъяат улсын начин М.Эрдэнэбат, Цагаан-Үүр сумын харъяат улсын начин А.Батмөнх нарыг тус бүр 20 сая төгрөгөөр мялаасан бол аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын харцага Ц.Содномдоржийг зургаан сая, улсын начин М.Эрдэнэбат, А.Батмөнх нарыг тус бүр таван сая төгрөгөөр мялаажээ.
Ийнхүү улсын шинэ цолтонгууд аймаг аймгийнхаа наадамд уран мэхийг уралдуулан хийж хэр зэрэг чансаатай бөх болохоо харуулан шагналын хуранд дарагдан наадаж явна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )