Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 32 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар хоёр компанийн арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасаж, нэг компанийн үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, 2 сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
Хуралдаанаар мөн жолоочийн даатгалын хураамжийг хэмжээг тооцох аргачлалыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах зорилгоор “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар Жолоочийн даатгалын тухай хуульд заасан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн хэмжээг тооцох үндсэн 9 итгэлцүүрийн утгыг олон улсын сайн туршлагын дагуу өргөжүүлсэн. Ингэснээр жолоочийн даатгалын мэдээллийн санд нийлүүлэх мэдээллийн цар хүрээ нэмэгдэх боломж бүрдэж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанд технологид суурилсан үйлчилгээг түлхүү ашиглах, хиймэл оюун ухааны тусламжтай даатгуулагчийн шинж чанар, эрсдэлийг тооцоолох зохицуулалт бий болох улмаар жолооч, даатгуулагчийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Авто замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож, дүрмээ баримталдаг жолооч нарын төлөх даатгалын хураамжийн хэмжээ буурах эсрэгээрээ дүрэм зөрчдөг, торгуулиа төлдөггүй жолооч нарын даатгалын хураамж өсөх зохицуулалттыг оруулсан. Мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд технологийн дэвшлийг түлхүү ашиглах, ногоон хөгжлийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах зохицуулалтыг тусгаж оруулсан юм.
Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг нэг компанид, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хадгаламж, зээлийн хоршоонд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд олгохоор тус, тус шийдвэрлэв. Мөн гурван компанийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон компанийн оноосон нэрийн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орох өөрчлөлтүүдийг тус тус бүртгэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )