ХЭН ЮУ ХЭЛЭВ I Үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ

2024 оны 11 сарын 13

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын хэлсэн үгээс онцолж байна.



УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсөв бол эдийн засгийн салшгүй хэсэг. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс миний бие найман сараас хойш Засгийн газарт тавьж байгаа шаардлага хэвээрээ. Хэдий 35.8 их наядын хэт үрэлгэн төсөв олонхын саналаар батлагдсан ч ирэх оны төсөвт тодотгол хийх, үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, төсвийн үрэлгэн урсгал зардлыг бууруулж дахин төлөвлөж, тодотголыг арванхоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-С.Баярцогт гуайг хүндэлдэг ч тавдугаар сараас хойш таарсангүй, ярьсангүй. Жинхэнээсээ нэг таарч "сумлагдах" юмсан". Ер нь бурууг байнга шүүмжилсэний төлөө, ялангуяа татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгахыг нь эсэргүүцсэний төлөө элдэв дарамт шахалт, гүтгэлэг, дайралт ирдэг л юм байна. Өдий хүртэл нэг ч хүний цүнх барьж яваагүй. Цаашид ямар ч тохиолдолд шударга ёс, үнэн зөвийн төлөө тууштай явах болно.

УИХ-ын гишүүн Э.БОЛОРМАА:

-Он удаан жилийн турш “уламжлал” мэт явж ирсэн тойргийн таван тэрбум төгрөгийн асуудлыг сөхөж гаргасан УИХ-ын гишүүдийн нэг нь би. Төсөв хэлэлцэх хугацаанд намын бүлгийн хуралдаанд таван тэрбум төгрөгийн төсвөөс татгалзах саналыг гаргаж зарим ах нарын эсэргүүцэлтэй хүртэл нүүр тулсан. Энэ хугацаанд нам харгалзахгүй тойргийн таван тэрбумаас татгалзах саналыг УИХ-ын гишүүдэд гаргасан. Гэвч энэ үеэр татгалзахгүй ээ гэж явж байсан зарим нэг гишүүд төсвөөс урсгал зардлыг хасах санал гаргаж ард түмний баатар болоод явж байгааг харах эмгэнэлтэй байна. Тэр ч бүү хэл зарим нь төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаад явсан шүү дээ. Эцсийн мөчид энэ мэт үйлдэл гаргаж байгааг нь хараад гайхсанаа нуухгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top