Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нэгдсэн группээс хүүхэд бүрийг ижил тэгш эрх зүйгээр бүхий л асуудлаа шийдвэрлүүлдэг болгох асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр "Манай группт 895 эцэг, эх нэгдсэн байдаг. Бидний хүүхдүүд насан туршдаа анир чимээгүй орчинд амьдардаг. Тэд ээжийн бүүвэйн дууг хэзээ ч сонсож байгаагүй. Бидний хүүхдүүд харилцааны хамгийн чухал эрхтний алдагдалд орсон байдаг. Хүүхэд бүр сурч боловсрох, хөгжих, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь хангаж чадахгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр хөгжих ёстой. Гэвч манай улс энэхүү боломжийг нь хангаж өгөхгүй байна. Энэхүү өвчнийг эрт илрүүлгээр илрүүлэх боломжтой. Гэтэл 17 аймагт үүнийг илрүүлэх аппарат байдаггүй. Аймаг бүрийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт уг аппарат шаардлагатай байна. Мөн энэхүү аппарат дээр ажиллах боловсон хүчин байхгүй байна. Сонсголын бэрхшээл дотроо тав, зургаан янз байгаа. Үүнийг эмч нар ялгаж ойлгохгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш боловсролын байгууллагад тэгш хамруулна гэдэг ч бодит байдал дээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд энэхүү боломж маш хомс байдаг. Сонголгүй хүүхдийг хоёр хүн дагаж явах шаардлагатай байдаг. Энэ хоёр хүний цалингийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.
Мөн сонголын бэрхшээлийг хөнгөн хэлбэр гэж ярьдаг. Гэхдээ энэ бол хүнд төрөл. Хөгжлийн бэрхшээлийг дунд, хөнгөн, хүнд гэж ялгахаа больё. Дунгийн суулгац хийлгэсэн хүүхдүүдийг эрүүл, саруул болсон мэт бодоод халамжаас хасдаг. Үүнд дээр судалгаа, шинжилгээ сайн хийдэг болмоор байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )