Солонгост ажиллагсад гэмт хэрэгт холбогдвол өршөөлгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

БНСУ-ын тал манай улсаас 5000 ажиллах хүчин авах санал ирүүлж, салбарын яамтай тохиролцсон билээ. Тэгвэл өнгөрсөн даваа гарагийн шөнөөс эхэлж иргэд нийслэл, дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн хэлтэс дээр дугаарлаж эхэлжээ. Бүртгэл мягмар гарагаас эхэлсэн.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эх нутгаа орхин БНСУ-д очсон иргэдийн тоо 40 мянга хол давжээ. Энэ тоо ч эрчимтэй нэмэгдсээр байна. Манай улсаас очиж ажиллаж байгаа иргэдийг БНСУ-ын хууль, хяналтын байгууллагынхан хэрэг, зөрчилд холбогдох, гэрээгээ сунгалгүй цагаачлан үлдэх асуудалд хориг тавьсаар ирсэн. Тэгвэл энэ удаад очих 5000 иргэнийг гэмт хэрэгт орооцолдохгүй байхыг хатуу сануулсан байна. Учир нь БНСУ-д 2008 онтой харьцуулахад гадны иргэд гэмт хэрэгт холбогдох хандлага 18 хувиар эрс нэмэгджээ. Үүний дийлэнх хувийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад үйлддэг болохыг тогтоосон байна. "Корэй Таймс" сонинд өгүүлснээр хэрэв гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдвол авах арга хэмжээг чангаруулах хуулийн орчин бүрдүүлэх төсөл шат, шатны байгууллагад яригдаж байгаа аж. БНСУ-д манай улсын 31 иргэн ял эдэлж байна гэсэн баримт байдаг. Эдгээр иргэд ихэвчлэн архидан согтуурах үедээ гэмт хэрэгт холбогдсон аж. Тэгвэл БНСУ-ын хуулийн байгууллагууд энэ оноос эхлэн гадаадын иргэдэд үзүүлэх хуулийн өршөөлийн асуудалд нааштай хандахгүй гэдгээ хатуу илэрхийлжээ. Учир нь ОХУ-ын ажилчид Пусан хотод солонгос эмэгтэйг байрандаа хорьж, хэд хоног хүчирхийлсний эцэст амь насыг нь бүрэлгэсэн гэх зэрэг ноцтой хэргүүд гарах хандлага нэмэгдсэн тул ийм шийдвэр гаргахад хүрчээ. Энэ асуудалтай холбогдуулж манай иргэд ч мөн сонор сэрэмжтэй байх шаардлага тулгарч байгаа юм. Солонгост ажиллаж байхдаа маргалдаж нэгнийгээ хутгалсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож урсгал сөрж осол гаргасан хэд хэдэн баримттай хэрэг зөрчил манай иргэдтэй холбоотой байдаг. Үүнтэй холбогдуулж БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж буй иргэд тус улсын хууль, эрх зүйг зөрчсөн тохиолдолд ногдуулах ялын хэм, хэмжээ нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэйг албаны хүмүүс санууллаа.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top