Монголд цөмийн хаягдал булшлах юм гэнэ гэсэн дуулиан улам эрчээ авч байна. Гадаад, дотоодын хэвлэлүүдээр цацагдсан энэхүү мэдээллийг манай Гадаад харилцааны яам зэрэг цөөн хэдэн газруудаас л няцааж байгаа. Гэхдээ бүрэн дүүрэн ойлголт хүмүүст өгч чадсангүй. Харин УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан таг дуугүй суусаар байна. Аливаа харилцаанд чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг тал ч уг нь бий л дээ. Энэ бүхнээс улбаалан Монголын Ногоон намаас Ерөнхийлөгчид хаягласан нэгэн захидал илгээв. Уг захидалд, “Өнөөдөр Монголын улс төр бизнесийн тодорхой бүлэг хүмүүс цөмийн энергийг Монголд нэвтрүүлэхийг шамдаж, уран олборлоно, атомын цахилгаан станц барина хэмээж байна. Түүнчлэн атомын хог хаягдал нь манай цахилгаан станцын үнс, гэр хорооллын жорлонгоос гарч буй хийнээс ч хоргүй гэж ард түмнээ төөрөгдүүлсээр байгаа. Монгол улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээнд нэгдсэн байдаг. Гэтэл 2009 оноос хойш манай улс уран олборлох, атомын эрчим хүч ашиглах талаар эрчимтэй хөөцөлдөж эхэллээ. Тиймдээ ч Франц, Энэтхэг, ОХУ зэрэг орнуудтай энэ чиглэлээр гэрээ хэлцэл хийж, санамж бичгүүдэд гарын үсэг зурсаар байна. Хэдийгээр ураныг энхийн зорилгоор ашиглана гэж буй ч манайхаас гарсан уран өөр оронд очоод ямар хэлбэрээр ашиглагдаж буйг хянах боломжгүй. Тиймээс манай улс эдгээр цөмийн зэвсэг хэрэглэдэг орнуудад уран нийлүүлэх аваас цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээний “...Цөмийн зэвсэггүй орон цөмийн зэвсэгтэй улсад энэ төрлийн зэвсэг хийхэд ордог түүхий эдийг нийлүүлэхгүй байх” гэсэн заалтыг ноцтой зөрчих юм” гэжээ. Мөн “...Засгийн газрын тэргүүн С.Батболд Арабын нэгдсэн Эмират улсад айлчлахдаа тус улсад уранаа экспортлоод хэрэглэсэн түлшний хаягдлыг эргүүлэн авах гэрээг хийсэн гэж бичих юм. Хэрвээ энэ үнэн бол ийм зүйл байж таарах уу” гэсэн байна. Төгсгөлд нь тэд Ерөнхийлөгчид хандсан уг захидлынхаа хариуг албан тоот бичгээр авахыг хүсчээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үнэдэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )