Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй хэмээн тунхагладаг ч хөх тэнгэрийнх нь дээр бидэнд харагдахгүй намууд гэх бүлэглэлүүд оршин буй МАНАН-гаар илрэн гарлаа. Нам төртэй тогтолцооноос салж ард түмэн төртэй хүмүүнлэг тогтолцоо руу шилжин орлоо хэмээн итгэж байсан ч биелсэнгүй. Харин нам нэртэй гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл хамаг монголчуудын сайн сайхны төлөө байгуулагдсан төрийг нухчин даржээ. Монголчууд түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр намчирхан талцаж, эвдрэлцэж байна. Гэр бүл дотроо эхнэр, нөхөр хоёр ан ман тэмцэж, аймаг сумаараа ан ман тэмцэцгээж байна. Улаантан уу эсвэл цагаантан уу гэдэг шиг МАН-ых уу эсвэл АН-ых уу гэх асуулт нь хуучныг санагдуулна. МАНАН дунд төөрснөө монголчууд одоо л ухаарч байна.
Саяхан нэгэн улсын их хурлын гишүүн намаас шалтгаалан бий болсон гэр бүл, найз нөхөд, сум, аймаг цаашлаад үндэстний талцан хуваагдал нь ажил явуулахгүй, хөгжлийг зогсоож буйг дурдаад хэрэв нийгэм зөвшөөрвөл, намуудыг татан буулгах хэрэгтэй хэмээн анх удаа зоригтой дуугарлаа. Ард түмнийгээ намуудын сонгуулиар амалсан хорин нэгэн мянган төгрөгөөр хуурч буй үйлдэл золбин нохойд угаадас өгөхтэй адил том доромжлол юм. Энэ улсын эзэн нь байж хойморт нь суух ёстой ард түмнийг ямар ч мэдэлгүй боол болгон хатавчинд шиджээ. Харин нам нэртэй бүлэглэлүүд эх орныхоо хамаг л баялгийг харийнханд найр тавин, хуйвалдан, хуваалцан хулгайлж өөрсдөө хувалз мэт хагартлаа таргалж, баяжижээ. Ухаан нь ууж идэхийн шуналд автагдаж бодит амьдралаас тасарсан зүйлс ярьцгааж буйг монголчууд өдөр бүр харж байгаа.
Сонгууль нэрээр ард түмний саналыг худалдаж авцгаана бас сонгуулийн дүнг засацгаана. Тэдэнд ард түмэн нэгэнт итгэхээ больж, монголоос зайлахыг ард түмэн шаардаж буйг бид харж байгаа. Хүмүүс “бидний төлөө ажиллахгүй байхад бид сонгуульд оролцож, сонгууль өгөөд ч яах юм” хэмээн хандаж байна. Ирэх сонгуульд оролцох хүн ч бүр багасна. Нийгэм зөвшөөрвөл намуудыг татан буулгана гэсэн гишүүний яриаг гүйцээж нийгэм зөвшөөрч буй учир намуудыг татан буулгах цаг нь иржээ хэмээн гүйцээмээр. Эдгээрийг татан буулгах шалтгаан хангалттай бий болжээ. Ажилгүйдэл, ядуурал, авилгал, янхандалт, хулгай дээрэм, хүчин гэх мэт хүн төрөлхтний бүхий түүхийн туршид бий болсон бүх муу муухай зүйлс монгол оронд бугшчихаад байхад бидэнд хүлээх цаг үгүй. Нийгэм зөвшөөрвөл ч гэж манж зан гаргах хэрэг ч байхгүй. Намуудыг татан буулгаж, улс орноо хулгайч нараас аварвал ардын баатар болно уу гэхээс хэзээ ч адгийн новш болохгүй. Ард түмний сайн сайхны төлөө явсан хүн түүхэнд үлддэгийн жишээг хүн төрөлхтний түүхээс бид хялбар олж болно.
Бид өнгөрсөн хорин жил юу хийв гэдгээ эргэн нэг харж, өөрсдийнхөө амьдралыг, нийгмийг дүгнэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн гурван баллын газар хөдлөлтөнд тэсвэргүй өндөр барилга, нэг жилийн настай зам эсвэл гадаадад боолын хөдөлмөр хийхэд чөлөөтэй болсон мөн ямар ч үр дүнгүй гудамжинд жагсаж, орилох боломжтой болсон гэх мэтээр битгий хэмжээрэй бас дүгнээрэй. Бид оюун санааны хувьд ямар түвшинд хүрэв, дордов уу эсвэл дээрдэв үү? Ёс суртахууны хувьд бид ямар байна вэ? Бие биенээ хүндэтгэж, хүлээцтэй хандаж, хайрлаж чадаж байна уу? гэдэг талаас нь дүгнэх шаардлага мөн бий болжээ.
Оюу-Толгой, Таван толгойн орд газрыг гадныхантай нийлж хуйвалдан идсэн монгол үндэстний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж хэвлэл мэдээллээр ярьж бичиж байгаа боловч хариуцлага тооцохгүйгээр миний ухамсарт монголын ард түмэн юу хийж байна вэ? гэж бодогдох юм. Монгол улсын газар нутгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж Халх голын сав газрыг Солонгосчуудад зарсан үйлдэл эх орноосоо урвасан гэмт хэрэг болохоор барахгүй монгол улсын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд дайн зарлах үүрэгтэй гэдгээ ухамсарт монголын ард түмэн ойлгож байгаа байх. Мөн амин хувийн ашгийг бодон үр удмаараа устгагдаж мэдэх онц аюултай хог хаягдлыг эх орондоо хадгалах гэж улайрч байгаа нь мөн л гэмт хэрэг. Монгол хүнийг эх орондоо амьдрах аргагүй болгож, гадаад руу дүрвэхэд хүргэсэн нь монгол үндэстний эсрэг хийсэн хэзээ ч өршөөж болохгүй гэмт хэрэг хэмээн үзэж байна.
Нэгэнт л өнөөдрийн энэ бүх муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлсийн шалтгаан нь олон түмнийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй эдгээр намуудаас шалтгаалж буй нь нэгэнт тодорхой боллоо. Монголын ард түмэн эдгээр намуудын мал биш ээ.
Намууд татан буугдвал 1990 оны түүхэн үйл явдал давтагдах болно. 1990 оны үйл явдал бол хувьсгал гэхээсээ илүү хуйвалдаан байсан нь нэгэнт тодорхой байна. Хувьсгал бол хуучин тогтолцоогоо халах ёстой байдаг атал хуучцуултайгаа ардчилагчид өөрсдөө дугуй ширээний ард суучихаад албан тушаал, эрх мэдлийн наймаагаа хийцгээж эхэлсэн байдаг. Нөгөө унагаах гээд байсан МАХН хэвээрээ сонгуулиар олонхи болчихсон нөгөө Д.Бямбасүрэн нь ерөнхий сайд болчихсон явж байсан. Угтаа бол хувьсгалыг хийгчид өөрсдөө бүх эрх мэдлийг авах ёстой байсан шүү дээ. С.Зориг агсан юм уу эсвэл Ц.Элбэгдорж гэх мэт хувьсгал хийгчдийн нэг нь ерөнхий сайд болж бусад нь багийг нь бүрдүүлэх ёстой байсан. Харамсалтай нь тэд хийгээгүй бас чадаагүй. Шулуухан хэлэхэд тэд Монголын ард түмний хувь заяаг үүрэх түүхэн үүргээс айж, хулчийсан. Тайван замаар, цус гаргалгүй хувьсгал хийсэн хэмээн цайруулах ч хэзээ ч хувьсгал хүч хэрэглэхгүйгээр хийгддэггүй. Учир нь цаад талд нь ард түмний дайсан, ард түмний эсрэг гэмт хэрэг хийсэн эрүүгийн гэмт хэрэгтэн байгаа тул ард түмэн хүчээр буулгахаас өөр арга байхгүй. Махатма Ганди ч мөн адил Английн колончлолоос Энэтхэг орныг аврахдаа хүч хэрэглэсэн. Тэр нь юу вэ гэвэл Английн үйлдвэрт ажиллаж байсан ажилчид ажлаа хаясан, Англитай худалдаа хийхээ больсон. Энэ хүч хэрэглэсэн биш гэж үү.
Хуучин тогтолцоогоо халж үндсэн хуулиа өөрчлөх шаардлагын үүднээс 1992 онд тэд Үндсэн Хуулиа өөрчилсөн. “Ардчилсан” тодотголтой энэхүү үндсэн хууль нь Үндсэн Хууль биш харин “үхмэл” хууль болсон. Аливаа Үндсэн Хууль ард түмнийг дээдэлдэг мөн хамгаалдаг. Харин энэ Үндсэн Хууль хэзээ ч монголын ард түмнийг дээдлээгүй бас хамгаалаагүй. Хэрэв хамгаалсан мөн дээдэлсэн бол Монголчууд өнөөдөр ядуу амьдрахгүй магадгүй малаа сайн хамгаалсан учраас ингэж их өссөн байх. Энэхүү хуулийг хийгч нэгэн хүн хэлэхдээ “Үндсэн Хууль төгс, төгс бишдээ гол нь биш ээ харин энэхүү хуулийг хийгчид өөрсдөө төгс биш” байсан юм гээд “тэр баталсан хүмүүс чинь их л сайндаа Оросын бакалавр шүү дээ” гэсэн байдаг. Ямар ч мэдлэггүй бас улс төрийн туршлагагүй хүмүүс энэхүү Үндсэн Хуулийг хийсэн. Монгол улс одоо энэхүү хуулийг өөрчилж байж л урагш хөгжинө.
Тэгэхээр өнөөдөр улс төрийн намууд татан буугдсанаар түүх давтагдаж 1990 оны нөхцөл байдал үүсэхэд дээрхи алдаануудыг битгий гаргаарай гэсэн үүднээс дээрхийг бичлээ. Намуудыг татан буулгаад хэзээ ч битгий хулгайч нартай тохиролцоорой гэсэн нэгэн сануулга. Тухайн үеийн ардчилагчид идэж, уух хязгааргүй шуналдаа хөтлөгдөн өмнөх үеийнхнээ бүтээсэн баялгийг хувьчилж, хулгайлж, хувааж бас уралдаж идэцгээсэн. Гэхдээ өнөөдөр идээд байх баялгийг сүүлийн хорин жилд ардчилагчид бүтээсэнгүй.
Намуудыг татан буулгаад жинхэнэ улс төрийн зөвшилцлийг хийж улмаар Монгол ард түмнийг дээдэлж бас хамгаалж чадах Үндсэн Хуулийг батлах түүхэн шаардлага бий болжээ. Өнөөдөр Үндсэн Хуулийг хийж чадах мэдлэгтэй чадвартай бас туршлагатай хүмүүс бэлтгэгдэж чаджээ.
Монголын ард түмний эрх ашгийг умартсан, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан Оюу-Толгой, Таван Толгой, Халх голын сав газар, цөмийн хаягдлыг булах гэрээ хэлэлцээрүүд зөвхөн Монгол хүний цаашлаад Монгол үндэстнийг орхигдуулсан өнөөгийн Үндсэн Хуулийн татан буулгаж байж хохиролгүй гарах цорын ганц зам буй гэдгийг ухамсарт монголын ард түмэн мэдэж байна гэдэгт итгэлтэй байна.
Түүхэн хариуцлагатай нөхцөл байдалд алд биеийн жаргал, амин хувийн цэнгэлээ хойш тавьж, бүхий л амьдралаа эх орон, ард түмэндээ зориулах эх орны хүүхдүүд тодрон гарч, тэрхүү түүхэн хариуцлагатай үүргийг нуруундаа үүрч ирээдүйн жаргалын төлөө зовлон дундуур ч туулан гардаг юм. Ийм л түүхэн нөхцөлд Хамуг Монголчууд нэгэнт иржээ. Энэ үед нэгэн хүний жаргалын тухай биш харин нэгэн үндэстний жаргалын тухай ярьж буй учир Монгол хүн бүр өөрийн үүргийг ухамсарлах ёстой.
Философийн магистр Б.Гансүх
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )