Т.Дэлгэрмөрөн: Аав ээж минь хэлгүй, хөлгүй хүүхдээр хүн хийх гэж олон жил зовсоныг нь бодохоор нулимс гардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Дээгий гэдэг хувь хүний тухай үзэл бодол олон янз. Нялх багаасаа туулсан амьдрал нь түүнийг уяхан болгосон юм уу гэж бодогддог. Мэдээж түүнд Хавт Хасарын омог, Сталины гаансыг хуга алгадсан Гэндэн сайдын зориг ч бий л байх.  Ярилцаж байхдаа түүний хоолой үе үе зангирч байсан юм.
-Хүмүүс таныг хувь хүн талаас тань их сонирхдог. Надад ч тийм хүсэл бий. Өвлийн улиралд халзан толгойтой явах ямар вэ, даарч байна уу, нэг хэсэг үсээ ургуулчихсан байсан яасан бэ гээд л...?
-Хааяа даарахаараа малгай өмсдөг юм. Хөдөө гадаа явахдаа толгой нүцгэн явбал хөлдөнө биз дээ. Охинтой болсны дараа үсээ нэг хэсэг ургуулсан. Халзан толгой миний стиль имиж гэдгийг мэдэрсэн. Түүнээс би хүнд гоё харагдах болов уу гэж үсээ хусаад байдаг мангар амьтан биш. Гэхдээ насаараа халзан явахгүй. Нас нь  болохоор ургуулна. Үсээ хусуулаагүй байхдаа тайзан дээр гарсан чинь үзэгчид Дэлгэрмөрөн гэдгээр нь хүлээж авахгүй байна лээ. Нөгөөтэйгүүр толгойдоо би хамгийн жижигхэн мөртлөө их агуулга багтаасан төрийн соёмбо шивүүлсэн хүн. Үүгээрээ би бахархаж явдаг юм. Зарим хүн “Толгой дээрээ шивээс хийлгэсэн сонин нөхөр вэ” гэж хардаг юм шиг байна лээ. Энэ шивээс миний үйл хөдлөл, үзэл бодолтой минь зохицож чадсан учраас надад гоё харагддаг.
-Үндсэрхэг үзэлтэй гэдгээ харуулсан мэт санагддаг?
-Би үндсэрхэг үзэлтэн биш. Үндсэрхэг үзэлтэн гэж Гитлер, Сталин зэрэг хүнийг  хэлнэ. Манайхаас бол Амараа ах маань, дуучин С.Жавхлан нар байна. Тэд бол “Монгол бичгээ сур, түүхээ унш, дээлээ өмс” гэдэг. Би  тийм биш. “Алив залуус аа, монгол бичгээ сурч дэлхийд гайхуулъя, түүх соёлоо дээдэлье” гэх зэргээр уриалан дуудагч үндэсний үзэлтэн хүн. Монголд үндсэрхэг үзэлтэн хангалттай л байгаа. Гэхдээ зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шүү. Би хэлэх үгээ хаана ч хэлдэг ч өөрийгөө их зөөлөн хүн гэж бодож явдаг. Амьдралыг гал, шуурга шиг биш, усны урсгал мэт авч явах дуртай. Үерлэх цагтаа үерлэнэ, ширгэх үедээ ширгэнэ.
-Эх оронч хүн гээд л ярьдаг шүү дээ. Дайны хүнд хэцүү үед  энэ үг алдаршдаг. Өнөө үед ямар хүнийг эх оронч гэх вэ?
-Би удахгүй нэг телевизтэй хамтарч өөрийн эх орон гэж юу байдаг талаар нэвтрүүлэг хийнэ.  Бурхнаас заяаж өвөг дээдсийн минь үлдээж өгсөн энэ эрх чөлөөт оронд зарим хүмүүс гуйлгачин яваад байгаа нь надад инээдтэй санагддаг. “Биднийг сайхан амьдруулсангүй. Юм бүхнээр дутааж байна” гээд л хүнээс юм гуйгаад л. Бурхан бидэнд адилхан тархи толгой, хувь тавилан өгсөн. Тэд өөрсдөө хичээхгүй байна шүү дээ.  Дандаа л бусдын гарыг харж хэдий болтол гуйлгачин амьдрах юм бэ. Би доороо хэлгүй дүүтэй. Эрүүл бие, саруул ухаантай байж архичин болсон хүмүүсийг хараад “Чи хөлгүй, хэлгүй, нүдгүй байсан бол яаж амьдрах юм бэ, арчаагүй амьтан минь” гэж  хэлмээр санагддаг. Монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуурхаж ирсэн ард түмэн. Тийм ч учраас монгол хүн бүхэн тэмцэгч байж чадаж байсан. Бас хэтэрхий зөөлөн сэтгэл арчаагүй амьтдыг өөгшүүлдэг.
-Нэвтрүүлэг хийх гэж байгаа тухайгаа дэлгэрүүлээч?
-Саяны ярьсан архичин хүмүүсээс нэг хүнийг сонгон Хятадад аваачаад долоо хоног гудамжинд орхино. Тэр хүнийг яаж амьдрахыг нууц камераар  дагана. Нэг ширхэг мантуу олдохгүй газар яаж амьдралынхаа төлөө тэмцэхийг  харъя л даа. Санаан зоргоороо сайхан амьдрах нутагт эрүүл биетэй гуйлгачин  яваад байгааг хараад харамсдаг.  Хэрвээ  ямар нэгэн аваар ослоор хөл гаргүй, нүд, хэлгүй болчихсон бол би чин сэтгэлээсээ тусална. Тусалсаар ч ирсэн. Энэ хүмүүсийг хайрлах ёстой. Тоглолтын орлого болгоноос би тодорхой хувийг нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандивладаг. Үүнийг л өнөө цагийн эх оронч хүн гэх байх.
-Заримдаа хүмүүс гэмт хэрэг хийчихээд  гадаад руу зугтдаг л даа.  Танд ч гэсэн боломж байсан л байх?
-Монголынхоо хуулинд захирагдаж суухад юу нь болохгүй гэж. Би алдсан, одоо ухаарсан. Эр хүний хувьд тэвчихээргүй зүйл байсан  ч  нэг гараараа нөгөөгөө барьж чадаагүй нь миний буруу. Ийм зүйлүүд миний амьдралд олон тохиолдож байсан. Энэ бүхнээс болоод эх орноо орхиод харийг зорих зүрх сэтгэл надад байхгүй ээ. Шоронд суулаа ч би эх орноосоо хэзээ ч зугтахгүй.  нутагтаа байх минь жаргал. Төрийн хууль хатуу ч бурхнаас хайрласан хувь тавилан, өсөж төрсөн нутаг усаа  орхин зөвхөн өөрийн амиа  бодох сэтгэл монгол хүнээс гарч байгаад би харамсдаг. Ямар ч нөхцөлд нутагтаа байх жаргал шүү дээ.
-Та хийсэн хэрэгтээ гэмшдэг гэсэн үг үү?
-Мэдээж. Энэ талаар нэг их ярихгүй байвал зүгээр байна. Ямар бахархмаар юм хийсэн биш. Хүн алдаж байж ухаардаг юм байна. Би өөрийн гэсэн үзэл бодолтой халхын л нэг эр. Надад сайхан бүхнийг хайрлах сэтгэл бий гэдэгт итгэлтэй байна.
-Харамсалтай санагдаж явсан цаг хугацаа хэзээ вэ?
-Өнгөрсөн юм бүхэнд харамсаад байдаггүй. Хүн сэтгэлийн тэнхээгээр амьдардаг шүү дээ. Миний  мөрөөдөл биелэхгүй байгаад хамгийн ихээр харамсаж явдаг. Үүнээсээ болж хааяа сэтгэлээр унадаг.
-Юу мөрөөдсөн болоод биелэхгүй байна?
-Нэгдүгээрт, миний төрсөн дүү хэлд ороосой гэж би байнга залбирдаг. Хоёрдугаарт, хүн төрөлхтөн эх дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрлаасай. Гуравдугаарт, дэлхийн бөмбөрцгийн зургаан тэрбум гаруй хүн амар тайван, нэг нэгнээ хайрлаж амьдраасай гэж мөрөөддөг юм. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн биелэнэ гэдэгт итгэж байна.
-Та “бурхнаас хайрласан гэж” их ярилаа. Итгэдэг гэсэн үг үү?
-Залбирч шүтэж явдаг өөрийн гэсэн бурхантай хүн. Сэтгэлээ ариусгаж байх хэрэгтэй шүү дээ. Би бурхантай хоёр удаа тааралдсан. 12 настайдаа хог ачдаг машинд хөлөө бяцлуулаад Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргүүлсэн. Эмч нар баруун хөлийг минь тайрахаас өөр ямар ч боломж байхгүй гээд амийг нь аварч байвал хөл яахав гээд ээж аав маань зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байсан. Би хагас дутуу ухаан ороод  “Эмч ээ, би доороо хэлгүй дүүтэй. Намайг хөлгүй болчих юм бол аав ээж маань бүр ч их зовно. Би бөх болох гэж байгаа учраас хөлийг минь битгий тайраарай” гээд эргээд ухаан алдсан гэдэг. Эмч үүнийг сонсоод л шоконд ороод намайг  “Ямарч л байсан би энэ хүүг хөлтэй үлдээнэ” гээд бяцарсан хөлийг минь буцааж залгасан. Эмч ч хичээсэн , би ч зүтгэсэн. Яагаад би гэнэт тэгж ухаан ороод юу ч мэдэхгүй жаахан хүүхэд тэгж хэлсэн юм бол. Үүнийг л би бурхантай уулзсан гэж хэлээд байгаа юм. Энэ лав аз биш ээ. Зургаан цаг гаруй хагалгаа хийлгэсэн. Бүтэн жилийн турш би эмнэлэгт хэвтсэн. Энэ үед л би хатуужил, ухаарал гэдгийг олж авсан байх гэж боддог. “Тэсвэр тэвчээр эр зориг бүхнийг ялдаг” гэж өөртөө байнга хэлдэг байсан. Тэр үеэ санахаар дотор огшоод байдаг юм. Хэлгүй, хөлгүй хүүхдүүдээр хүн хийх гэж аав ээж минь хэчнээн жил зовсон бол гэж бодохоор… /хоолой нь зангирав/.
-Бөх хүсэл юу болсон бэ?
-Би самбо, жүдогоор барилдаж байсан. Улсын аваргын хүрэл медальтай. Спортын дэд мастер цолтой. Бүх хотын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод болоход хүрэл медаль авч байсан. Үеийнхэн дотроо бас ч үгүй айлгадаг бөх байсан шүү.
-Хоёр дахь удаагаа бурхантай хаана тааралдсан бэ?
- 2005 онд “Мister Dogs” хамтлагийн таван жилийн ойн тоглолт циркт болсон юм. Тоглолт руу үзэгчид орох гэтэл... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top