“Авлига системийн шинж чанартай болоод ирэхээр ард түмэн нь туйлдаж дуусдаг” гэсэн мэргэн үг бий. Энэ бол олон жилийн турш дэлхийн улс орнуудын томоохон судлаачид бие, сэтгэлээ чилээн байж гаргасан дүгнэлт юм. Манайд л өнөөдөр авлига, авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагч гэж ярихаар нэг тийм хөөрхөн тэжээвэр эрлийз гөлөг, эсвэл өхөөрдмөөр бяцхан хурга, ишиг шиг төсөөлөөд байдаг болчихож. Өөрөөр хэлбэл ийм гамшигтаа хэт дасна гэдэг нь болж байх шиг байна. Авлигын эсрэг байгууллага байгуулаад ч нэмэр алга. Нэг намын, тэр дундаас бүр эрх баригч нам нь Авлигатай тэмцэх газрын удирдлагыг томилоход гол үүрэгтэй оролцдог гажиг тогтсон болоод тэр биз дээ. Нэгэнт хоол өгсөн гөлөг нь эзэндээ эрхэлж, шарвалзаад л гүйгээд байна. Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийг идсэн 10 тэрбум гаруй төгрөгийн хэрэгт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Монгол банкны Ерөнхийлөгч хийж байгаа Л.Пүрэвдорж нарыг сэжигтнээр татаад шалгаж эхэлсэн дуулдана. Бас УИХ-ын гишүүн Д.Дондог таван тэрбумын залилангийн хэрэг хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болж, прокурорууд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр гурван ч удаа УИХ-д хандаад байна. Гэхдээ тэд урьдын адил “УИХ-ын гишүүний халдашгүй, дархан эрх” гэдгээр халхавчлаад хэргээс цэвэрхэн мултрах бололтой. Ер нь намын хамгаалалт гэгч нь ямар ч үед эвдэрч нурахааргүй хана хэрэм болжээ. Дээрх гэмт хэргийн сэжигтнүүдийг Ардын намыхан нь бүх аргаараа хамгаалж байна. Хэвлэн нийтлэх, чөлөөт мэдээллийн эрх чөлөөгөө худалдаж, барьцаалагдсан хэвлэлүүдийг Ардын намынхан маш чадварлаг ашиглаж байгаа аж. Тэдгээр хүмүүсийн талаар нийтэлсэн бол хоолгүй шүү гэсэн мессежийг цаадуул нь шидээд байдаг бололтой. Гэвч бас үнэнийг хэлэхийг хүсэгчид байна аа. Байлгүй яахав. Монголын сэтгүүл зүй бүхэлдээ арай ч олгирахиудад худалдагдаагүй юм байна. “Өглөөийн сонин” сүүлийн дугаартаа тэдгээр хэрэгт холбогдогчдын талаар өгүүлээд, цаашдын анхааруулга болгож УИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатарын урьд нь үйлдсэн 2 тэрбумын хэрэг болон бусад булхайтай үйл ажиллагааных нь талаар бичсэн байна. Ц.Сүхбаатар Улсын нийгмийн даатгалын газрын дарга байхдаа нэлээд их мөнгө завшиж байжээ. Үүнийгээ нуун далдлахын тулд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ёстой жинхэнэ “дайн” зарлаж байж. С.Эрдэнэ бас Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байлаа шүү дээ. Ц.Сүхбаатар нь одоо “Оргил” рашаан сувилал ТӨХК-ийн захирал юм. Тус рашаан сувилал Н.Энхбаярын аав Намбар гуайн мэдэлд байсан үе ч бий. Ц.Сүхбаатар харин эндэхийн дарга болсоор хэдэн төгрөг гол гарган завшиж буйг хэлэхэд арай эрт байна. Тэр зүгээр суух хүн биш гэдгийг энд зориуд хэлэх нь зөв байх. Түүнийг мөрдөн байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан болохыг нотлох баримтаар яв цав тогтоогоод байсан боловч Ардын намынхантайгаа хуйвалдан 2002 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татахгүй байж болох хургацааг 5 жилээр сунган 15 жил болгож өөрчлүүлж байжээ. Ингээд түүний хэрэг хийсэн хугацаа нь хуулийн ийм заалтанд хамаарагдан хэрэгсэхгүй болгогдсон түүхтэй. Дээрх 2 тэрбум төгрөгийг мань хүн өөрөө шууд авч завшаагүй, өрөөл бусдын гараар “могой” бариулсан юм байна. Тухайн үед дампуурлаа зарлаад байсан “ХОТШ”, “Сэргээн босголт” банкнаас “Өндөр гэгээн” компаний захирал Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нар УНДЕГ-ын дарга Ц.Сүхбаатартай гэрээ байгуулсны үндсэн дээр авч зувчуулсан байжээ. Хэрэг мөрдөгдөж эхлэхэд Ц.Сүхбаатар нь тэднийг хамгаалсаар шоронд явуулалгүй авч үлдсэн бөгөөд энэ ажлынхаа шанд овоо их мөнгө тэдгээр нөхдөөсөө авсан гэдэг. Түүний адил баруун солгойгүй, хаанаас л бол хаанаас мөнгө тоншиж яваа өөр олон хүн өнөөдөр Монгол ардын намын нэрээр төрийн томоохон алба хашаад явж байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )