Цонжин болдогт бий болгосон Чингисийн морьт хөшөө, Хэрлэнгийн хөдөө аралд босгосон Гэрэлт хөшөө, Халх голын Ерэн баатрын хөшөө гээд түүхийн дурсгалт хөшөөнүүд өөр өөрсдийн бодит түүхийг үеийн үед хадгалан он цагийн салхийг элээсээр байгаа. Эдгээр нь яах аргагүй бидний үнэт өв, түүхийн дурсгалт соёл юм.
Харин суманд гурав түрүүлсэн морь, хоёр түрүүлсэн заанд зориулж хөшөө босгох хэрэг юу байна вэ. Осол гарсан газарт суварга босгож газар сүйтгэх хэрэг юу байна вэ. “Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, Даян аварга А.Сүхбат нар Төв аймгийн Сэргэлэн суманд 500 сая төгрөгийн өртгөөр 108 суварга босгох тухай чих дэлсэв. Яах гэж тэр вэ гэхээр сүсэгтэн олны тусын тулд гэх байх даа. Ямар учраар хаана босгож, хэн сүсэглэх гээд байгаа хэрэг вэ. Хагас тэрбум төгрөгөөр сумын төвд нэг сургууль барьчихна, нэг эмнэлэг барьчихна шүү. Сүсэглэдэг, сүсэглэдэг гэхэд ямар ч утга учиргүй шавар тоосгонд мөргөж сөгдтөлөө сүсэглэх хэн байх вэ.
Сүсэглэнэ гэдэг чинь утга учиртай. Халх голын ай савд байх Ерэн баатрын хөшөөнд дайчид мөргөж сүсэглэдэг. Энэ нь бидний халуун амийг амиараа хамгаалсан эрэлхэг хөвгүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна гэсэн үг. Хэрлэнгийн хөдөө аралд байгаа Гэрэлт хөшөөнд мөргөж сүсэглэдэг. Энэ нь их түүхээ хүндэлж байгаа хэрэг. Нөгөө талаар урлагийн дахин давтагдашгүй үнэт бүтээлийг биширч, мөн газар нутгийг нь шүтэхдээ мөргөдөг юм. Түүнээс биш хаа хамаагүй газарт хайш яайшхан босгосон шавар тоосгонд очиж духаа нааж, алгаа хавсраад байдаг юм биш. Суманд гурав түрүүлсэн морийг хэн таних юм бэ. Тэгээд ч тэр чинь улс төрд санаархсан нэг нөхөр халаасныхаа мөнгөөр босгочихдог цемент тоосго шүү дээ.
Монгол Улсад хар мянган сумын заан цолтон бий, тэр хэрээр суманд хоёр түрүүлчих нөхөр захаас аваад бий. Түүнд зориулж хөшөө босгож яах юм бэ. Босголоо гэхэд түүнийг хэн гэж таних вэ. Үзсэн харсан хүмүүс хүн чулуу л гэх байх даа.
Сумын Засаг даргын нэг жилийн ажлын тайланг санаандгүй сөхөж харлаа. Аймгийнхаа даргад танилцуулж яваа тайлан шүү дээ. Эхний хуудас эргүүлтэл "Нутаг олондоо "Хун дууч" гэж алдаршсан И.Юндэнгийн гэгээн дурсгалд зориулж сумын төвд хөшөө босгов. Үүнд 2.5 сая төгрөг зарцуулсан болно" гэж дурайлган бичжээ. Дараагийн хуудсыг эргүүлтэл "УИХ-ын гишүүн түүний санаачилгаар "Оч" компанийн хурдан шарга моринд зориулж хөшөө босгов. Ажилчдыг цалинжуулахад 1.2 сая төгрөг зарцуулав" гэжээ. Дараагийн хуудсыг эргүүлбэл "Иргэдийн хандив болон төсвийн хөрөнгөөр Ёслол хүндэтгэлийн өргөө барив" гээд тэр өргөөнийхөө ур дүй муутай зургийг залжээ. Энэ шавар нүхэнд чухам юугаа ёслох гээд байгааг мэдэх юм алга. Би лав халх даяар алдартай "Хун дууч Юндэн" гэж дуулаагүй л юм байна. Би лав Эрдэнэчулууны хурдан шарга гэж дуулснаас биш "Оч" компанийн хурдан шарга гэж сонсоогүй юм байна. Мань Засаг даргын ажлын тайланд нэг ч сургуулийн дээвэр заслаа, эмнэлэгтээ тийм зүйл авлаа, хадлан тэжээл бэлтгэсэн тухай харагдаагүй л юм даа. Өнөөх л утга учиргүй хөшөөнд мөнгө зарж сууснаа ийнхүү тайлагнажээ. Тэгэхээр бид утга учиргүй хөшөө, суварганд мөргөж болохгүй. Ямар ч утга учиргүй газарт босгосон шавар тоосгонд мөргөөд хийморь лундаа сэргэнэ гэж лав байхгүй, харин ч эсрэгээрээ байх шүү.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )