Ж.Мягмар: Хүүхдийнхээ хөгжил хэвийн эсэхийг эцэг, эхчүүд сайтар ажиглаж байгаарай!

2025 оны 01 сарын 20

Бага насны хүүхдийн хөгжлийн эрт үед нь хөрөнгө оруулах нь хувь хүний төдийгүй улс орны эдийн засагт өндөр үр ашигтай гэж дэлхий нийтэд үзэж байна. Манай улс “Нялх балчир хүүхдийн хөгжлийг дэмжих”, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ” гэсэн хоёр хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ талаар болон сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлаар Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмартай ярилцлаа.


-Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хэчнээн хүүхэд хамрагдав. Мөн цэцэрлэггүй үлдсэн багачуудын тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4.2-т “Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны хүүхэд хамрагдана”, мөн тус хуулийн 4.3-т “Сургуулийн өмнөх боловсролыг таван настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна” гэсэн заалт бий. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх буюу 2-5 насны 292359 хүүхэд бий. Энэ нь нийт хүн амын 8.3 хувийг эзэлж буй талаар “Боловсролын хэтийн тооцоо 2020-2050 он” тайланд дурджээ. Энэ хичээлийн жилд 2-5 насны нийт хүүхдийн 92 орчим, таван настай хүүхдийн 95 хувь нь тус тус СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж байна. Боловсролын яам жил бүр холбогдох боловсролын газар, хэлтэстэй хамтран сургуулийн өмнөх боловсролд аль аймаг, сум, дүүрэгт хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй байгаа талаар илрүүлэх, “мөшгөх” судалгаа явуулдаг. Үүнээс харахад, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс гэр бүлийн орчинд хөгжлийг нь дэмжихэд анхаарч БШУ-ы сайдын 2022 оны “Журам шинэчлэх тухай” А/224 дүгээр тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулах журам” батлан гэр бүлд суурилсан, нүүдлийн бүлгийн гэсэн хосолсон хэлбэрээр хувилбарт сургалт зохион байгуулдаг юм. Үүнээс гадна хилийн застав болон алслагдсан бүс нутагт амьдарч буй 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг алслагдсан хилийн бүсэд амьдарч буй хилчдийн хүүхдэд хүргэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хилийн бүс нутагт амьдарч байгаа хилчдийн 2-5 насны 1757 хүүхдээс  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 1319, хүүхэд харах үйлчилгээ 44 орчим хүүхэд хамрагджээ. Өнгөрсөн хичээлийн жилд хилчдийн 300 хүүхдийг шинээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Бие даасан хоёр цэцэрлэг, гэр цэцэрлэг хоёр, хувилбарт сургалтын долоон багш, хилийн заставын салбар 19 бүлэг ажиллаж байна. СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 оноос хойш эрчимтэй ажиллаж байгаа хэдий ч хамрагдалт багатай таван аймаг бий. Цаашид тухайн аймаг, сум, дүүргийн хаана, хэдэн хүүхэд цэцэрлэггүй үлдсэнийг тодруулах, бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарч ажиллах болно.

-Тэгш бус байдлын улмаас хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Ялангуяа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэртээ үлдэхээс өөр сонголт алга.

-Тийм ээ, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд (үндсэн сургалтад) хамрагдаж чадахгүй тохиолдол цөөнгүй.  Хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Хэдийгээр сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын багш нар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ гэр бүлийн орчинд хөгжлийг нь дэмжихэд анхаарч байгаа ч, оношлогдоогүй хүүхэд нэлээд байна. Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлуулахаас эхлээд хүндрэл үүсдэг нь үүнд нөлөөлдөг. Тухайлбал, эцэг эхчүүд сэтгэл зүйн хувьд бэлэн биш учраас хүүхдээ оношлуулахгүй тохиолдол гардаг. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хувилбарт сургалт буюу гэр бүлд суурилсан боловсролын үйлчилгээг санал болгодог хэдий ч багшид заах арга зүй, эцэг эхчүүдэд хүүхдээ хөгжүүлэх тусгай хэрэгцээт тоглоом, хэрэгсэл дутмагаас бэрхшээл учирдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон хүүхэд бүрийг тохирсон боловсролын үйлчилгээнд хамруулна.

-Цэцэрлэгт багшийн хомсдол үүссэн үү?

-Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшийн хангалтын судалгааг жил бүр хийж зохих арга хэмжээ авч ажилладаг бөгөөд энэ хичээлийн жилд одоогийн байдлаар улсын хэмжээнд 137 бүлгийн багш, 200 орчим багшийн туслах (нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ихэнх нь) дутагдалтай байна.  Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсанд аль аймаг, сум, хорооны хэддүгээр цэцэрлэгт багш дутагдалтай байгаа талаарх мэдээллийг байршуулсан байдаг. Багшаар ажиллах хүсэлтэй ажил хайж буй хүмүүс тэрхүү мэдээлэлтэй танилцах боломжтой юм. Нийт цэцэрлэгийн багш нарын  95 орчим хувь нь СӨБ-ын мэргэжлийн бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй байгаа бол үлдсэн хувьд нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, тэтгэвэртээ гарсан багш нарыг ажиллуулж байна. Цаашид СӨБ-ын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн багш бэлтгэх их, дээд сургуулийн элсэлтийг (бакалавр) нэмэгдүүлэх, багшийн туслах бэлтгэдэг (21 кредиттэй.  Нэг улирал танхимаар хичээллэдэг) зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Цэцэрлэгийн багшийн ажиллах нөхцөл, цалин урамшууллыг сайжруулах нь энэ мэргэжлээр суралцах оюутнуудад хөшүүрэг болох юм. Мөн хүүхдийн цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах эрх зүйн орчныг БШУ-ы сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/274 дүгээр тушаалаар Хүүхдийн цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулахад мөрдөх журмаар бүрдүүлсэн. Үүний хүрээнд Орхон аймагт 2022 оноос хойш жил бүр 42-44 ээлжийн багш, Өмнөговь аймаг, Улаанбаатар төмөр замын цэцэрлэгүүдэд цөөн тооны ээлжийн багш тус тус ажиллаж байна. Энэхүү журмаар үндсэн бүлгийн багш 08.00-15.00 цаг хүртэл, үлдсэн 3-4 цагт нь ээлжийн багш ажиллуулах боломжтой болсон юм.  Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өдөрт найман цаг ажиллах, эрүүл мэнд, гэр бүлдээ цаг гаргах, өөрийгөө хөгжүүлэх боломж гарч буй талаар Орхон аймгийн багш нар “Ээлжийн багш ажиллуулсан сайн туршлага”-аа өнгөрсөн онд үндэс­ний хэмжээнд танилцуулсан юм.

-Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд ямар ажил хийж байна вэ. Орон тооны бус зөвлөл байгуулсан гэж сонслоо. Үүнийг тодруулахгүй юу?

-БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны гурван сайдын хамтарсан тушаалаар 2023 онд “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр”-ийг батлуулсан. Тус хөтөлбөр нь 2023-2026 оны хооронд гурван яам хариуцан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний амьдралын эхний 1000 хоног буюу ураг бүрэлдэх үеэс гурав хүртэлх насны хүүхдийн тархи, бие махбод, сэтгэл хөдлөл эрчимтэй хөгжих чухал үе юм. Энэ үеэс эхлэн  хүүхдийг зургаан нас хүрэхэд нь хөгжлийг нь сайн дэмжвэл цаашид амжилттай суралцах эх үндэс болдог гэж үздэг. Бага насны хүүхдийн бие бялдар, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжилд амьдрах орчин, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгааллаас шууд хамаарах бөгөөд үүнд гэр бүл гол үүрэг гүйцэтгэдэг. Арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд 16 аймаг, дөрвөн дүүрэгт бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг ХНХЯ, ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан 86 мэргэжилтнийг хамруулсан.

-Зөвлөл байгуулснаар ямар ач холбогдолтой юм бол?

-Зөвлөл нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих салбар дундын хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үнэлгээ дүгнэлт өгөх чиг үүрэгтэй. Олон улсын болон ТББ-ууд өнгөрсөн онд бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэх, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулахад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан юм. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан 262.5 сая төгрөгийн санхүүжилтээр “Таблеттай багш” төсөл хэрэгжүүллээ. Үүнд гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр 13 аймгийн 185 сумын 230 цэцэрлэгийн 7980 хүүхэд, 6899 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан байна.

-Гэр бүлийн орчинд нялх, балчир хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийг чадавхжуулж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт гарсан бэ?

-Гурван сайдын хамтарсан тушаалаар 2022 онд “Нялх, балчир хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан билээ. Үүний хүрээнд гэр бүлийн орчинд нялх, балчир хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт, нөлөөллийн ажлын зохион байгуулж байна. Тухайлбал, Японы олон улсын байгууллага ЖАЙКА-аас Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл II шатыг хэрэгжүүлж, 80.2 сая төгрөгийн санхүүжилтээр сургалт, үйл ажиллагааны орчин, багшийн ном, гарын авлага, хүүхдэд зориулсан тоглоом наадгай, цахим видео хичээлийг боловсруулсан. Мөн БНТУ-аас хэрэгжүүлж буй ТИКА төслийн хүрээнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд, гэр хорооллын цэцэрлэгт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй багачуудын хөгжлийг дэмжих орчин бүрдүүлэхэд 29 нэр төрлийн 11.7 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлсэн. Үүний зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч нарт мэдлэг мэдээлэл хүргэх сургалтыг үе шаттай зохион байгууллаа. Тухайлбал, “Onesky” байгууллагын гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрт Баянзүрх, Чингэлтэй дүүрэг дэх цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийг хамруулсан. Сургалтад хамрагдсан эцэг эхчүүд хүүхдээ төрсний дараах эхний 1000 хоногт байнгын зохистой асаргаа үзүүлэн, хүүхэдтэйгээ ээнэгшин, хөгжлийг нь дэмжихэд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхэд хөгжлийнхөө дээд түвшинд хүрэхэд нь эцэг эхчүүд хамгийн гол дэмжигч нь байдаг юм. Үүнийг мэдэж авснаар, ялангуяа залуу ээж аавууд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах арга барилаа олж, хөгжлийг хоцрогдол байвал түүнийг нь эрт илрүүлэх боломж бүрдэж буй нь сайшаалтай. Түүнчлэн Боловсролын болон Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд хамтран “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хэрэгжилт, эрүүл мэнд, хамгааллын чиглэлээр Дархан-Уул, Орхон, Булган аймагт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллах, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөлийн гишүүд болон эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулахад чиглэсэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн түүнчлэн, Японы Хүүхдийг ивээх сангаас 2024 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийслэлийн гурван дүүрэг, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн таван цэцэрлэг, таван Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хөгжлийн дэмжлэг шаардлагатай, тусгай хэрэгцээтэй бага насны хүүхдэд нийгмийн үйлчилгээний цогц дэмжлэг үзүүлэх загварыг туршин хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг эцэг эхчүүд цэцэрлэг, гэр бүлийн орчинд дэмжих арга зүйн сургалтуудыг хийж, 279 эцэг эхийг хамруулаад байна. Мөн олон нийтэд зориулсан нөлөөллийн сурталчилгааны материалуудыг боловсруулаад байна.

-Эцэг эхчүүдийг сургагч багшаар бэлдэж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Хэчнээн сургагч багш бэлдэв?

-Энэ ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бага насны хүүхдийн хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Одоогоор эцэг, эхийн төлөөллөөс 20 сургагч багшийг бэлдсэн. Сурагч багш бэлдэх сургалтыг Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь гэсэн дөрвөн аймагт туршин, цаашид 50 мянган хүнийг хамруулах юм.

-Хүүхдийнхээ хөгжлийг хэвийн эсэхийг яаж таних вэ. Энэ талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юү?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлт хөгжил хэвийн эсэхийг байнга ажиглаж, сайтар анхаарах шаардлагатай байна. Хүүхдийн “Ягаан” дэвтрийг зааврын дагуу ашиглаж хэвшээрэй. Хэрэв 18 сартайдаа бие даан алхаж чаддаггүй, шулганаж, үг хэлэх оролдлого хийхгүй, “Баяртай” гэх мэтээр бусдын үйлдлийг даган дуурайхгүй, хувцсаа тайлах гэж оролддоггүй гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Мөн 24 сартайдаа бусдын үйлдэл, хэлж буй үгийг даган дуурайхгүй, энгийн зааврыг ойлгож, биелүүлэхгүй, нүд ба гарын хөдөлгөөний зохицол муу, ганцаараа л тоглодог, хоол идэх, гадаа гарах гэх мэтийг илэрхийлж хэлдэггүй бол мөн 36 сартайдаа амархан бүдэрч унадаг, шатаар дээш, доош сайн явж чаддаггүй, байнга шүлс нь гоождог, жижиг, эд зүйлсийг чимхэн авч чаддаггүй, цөөн хэдхэн үгээр харилцдаг, бусдын нүд рүү хардаггүй, тоглоом наадгай сонирхдоггүй зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандах, бусад мэргэжлийн байгууллагад хандан тохирсон үйлчилгээ авахыг зөвлөж байна. Хүүхдэд илэрч буй хөгжлийн хоцрогдлыг аль болох бага насанд нь эрт илрүүлж чадвал эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн боловсролын байгууллага хамтдаа хүүхдүүддээ дэмжлэг үзүүлж чадна.

М.Зул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 20

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Top