Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-ний өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулган болж байна. Энэ удаагийн Давосын эдийн засгийн чуулган “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй юм. Монгол Улсаас Шадар сайд Т.Доржханд тус чуулганы “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож байгаа бөгөөд зарим хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар морджээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна. Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Шваб нар тус гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэргээрээ ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан авч үзэхээ ийнхүү дэлхий дахинд зарлалаа. Монгол Улс “Стратегийн оюун ухааны платформ”-д нэгдсэнээр олон улсын шинжлэх ухааны болон тинк-танк байгууллагууд, 4000 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлыг нэг дороос авч ашиглах боломжтой болж байгаа юм. Эдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход ашиглахаар төлөвлөж байгаа аж. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Стратегийн оюун ухааны платформыг сүүлийн 10 жил хөгжүүлж буй бөгөөд Монгол Улс энэ төслийг хамтран хэрэгжүүлэх хоёр дахь улс болж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт Шадар сайд Т.Доржханд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буй энэ цаг үед тус санамж бичигт гарын үсэг зурснаар эрчим хүчний салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн уур амьсгалын зорилтод нийцсэн салбар болгон хөгжүүлэх зорилго улам бүр тодорхой болж байгаа юм.
Энэ хүрээнд эрчим хүчний салбарын ил тод байдлыг хангах, зах зээлийг чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон талт ажлыг хийнэ. Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг харилцан тодорхой болгожээ. Үүнд Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, тус банк нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад чадал тохируулгын үүрэг бүхий бага, дунд чадалтай усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх боломжийг судлах, 300 мегаВатт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулан 2028 онд багтаан ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан байна. Сэргээгдэх эрчим хүчний стратеги болон эрчим хүчний салбарын бага нүүрстөрөгчтэй замын зураглалыг боловсруулж, стратегид тусгагдсан зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд Аргентин, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Өмнөд Африк, Нидерланд, Кувейт, Перу, Бутан, Лихтенштайн, Чад, Эквадор, Латви, Финланд зэрэг улсын Ерөнхий сайд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага зэрэг байгууллагын тэргүүнүүд оролцож байна. Монгол Улс энэ чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )