Панамын сувгаар хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих боломжийг хангахын тулд цэргийн хүч хэрэглэхэд хүрч болзошгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бид юу хийж магадгүй юм уу юу хийж болохгүй тухай урьдчилан яримааргүй байна. Батлан хамгаалах яам оролцох эсэхээс үл хамааран бид Панамын сувгаар хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих боломжийг хангана. Панамын эрх баригчид сувгаар чөлөөтэй, хүртээмжтэй зорчих нөхцөл бүрдүүлж, өөр бусад улс үүнд саад учруулахаас сэрэмжилж чадахгүй бол АНУ хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих нөхцөлийг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийх эрхтэй хэвээр байгаа” гэж Америкийн Батлан хамгаалахын сайд тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслол дээрээ үг хэлэхдээ, Панамын сувгийг эргүүлж авах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.
Панамын сувгийг эзэмших бүрэн эрх болон улс орны тусгаар тогтнолын асуудал нь яриа хэлэлцээний сэдэв байж таарахгүй гэж Панамын ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдэж байгаа билээ. Панамын сувгийн харьяаллын асуудлаар Панамд дарамт шахалт үзүүлэхээ Трамп зогсоохгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандана гэж тэр мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )