Ц.Чинбаяр: Менингококкт халдварын үед цагаан халууралт болдог

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 02

ХӨСҮТ-ийн зөвлөх Ц.Чинбаяр: Менингококкт халдварын нууц үе 3-10 хоногт үргэлжилдэг. Халдвар авснаас хойш 5-7 хоногийн дараа шинж тэмдэг нь илэрч эхэлдэг. Менингококкт халдвар нь үндсэн хоёр хүнд хэлбэрээр явагддаг. Хүндээр өвчилсөн өвчтөнийг яаралтай эмчлэх ёстой учир хүнд хэлбэрийн шинж тэмдгийг онцгойлон анхааруулж хэлж байгаа. Нэгдүгээрт менингит гэдэг хэлбэр бий. Энэ үед хүүхэд гэнэт өндөр халуурдаг, тархины бүрхүүл хальс цочирдог учир толгой хүчтэй өвддөг, огиулж бөөлжих, нүд гэрэлд гялбах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Дараагийн хэлбэр нь үжил буюу менингококкцени гэж нэрлэдэг. Үжиг хэлбэрийн үед цаг, минутыг алдалгүй эмчилж байж, өвчтөнүүдийг амь насыг аврах боломжтой байдаг.

Энэ үед гэнэт өндөр халуурдаг, өндөр халуурснаас хойш 6-12 цагийн дотор тууралт гардаг, ихэвчлэн хөл, мөчүүд гээд захын хэсгээс эхлээд тууралт гарч эхэлдэг. Энэ хоёр шинж тэмдэг илэрмэгц яаралтай эмчид хандахыг онцгойлон анхааруулж байна. Үжиг хэлбэрийн өндөр халууралтыг цагаан халууралт гэж эмч нар ярьдаг. Бусад халдварын үед хүүхэд ягаарч, бие, гар хөл нь халуун байдаг бол менингоккокын цагаан халууралтын үед хүүхэд цонхийж цайгаад, гар хөл нь хүйтэн, эрээнтэж даарсан байдаг ч халууныг нь үзэхэд өндөр халуунтай байдаг. Ингэж халуурч байгаа хүүхдийг эмчид маш яаралтай үзүүлээрэй.

Менингококкт халдвар Монголд жилдээ 3-4 тохиолдол бүртгэгдэж байдаг. Халдварын тохиолдолд голомтот халдваргүйжүүлэлт хийж, ойрын хавьтлуудыг тусгаарлан, шинжилгээ хийн, химийн сэргийлэлтийн эмчилгээ хийдэг. Менингококкт халдвар халуун амьсгалаар халддаг. Өөрөөр хэлбэл ойрын хавьтлууд халдварлах эрсдэлтэй байдаг. Тиймээс халдвараас хамгаалахын тулд маск зүүж, гаднаас орж ирээд гараа угаах, хоолойгоо зайлах нь халдвараас сэргийлэх чухал арга хэмжээ. Даарахгүй байх, дулаан хувцаслах, шингэн зүйл сайн уухыг зөвлөж байна.

Эмнэлгийн яаралтай тусламж аваагүй тохиолдолд менингококкт халдвар нь хүндэрвэл 10-15 хувь нь эндэх эрсдэлтэй. Вакцины хувьд голомтын заалтаар, халдвар судлалын эмчийн заалтаар вакцин хийдэг. Дархлаа дарангуйлдаг эмчилгээ хийдэг, дархлаа сул хүүхдүүдэд голомтын заалтаар хийдэг. Учир нь энэ бүлгийн хүүхдүүд нэн хүндээр өвдөх эрсдэлтэй байдаг. Менингококкт халдвар нэг метрийн дотор тогтмол харьцдаг хүмүүс халдвар авах эрсдэл өндөр. Энэхүү халдвар нь эндэх эрсэл өндөр байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu