Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгалаа.
Эрүүл мэндийн яамны зүгээс менингококкт халдварын эсрэг "Нимерикс" вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар төлөвлөж байна.
Менингококкт халдварын вакцин нь товлолын бус тархвар судлалын заалтаар хийгддэг вакцин юм.
Менингококкт халдварын эсрэг вакциныг тархвар судлалын заалтаар 1974 оноос эхлэн хийж эхэлсэн ба 1994 оноос хойш таван удаагийн нэмэлт дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулснаар өвчлөл тууштай буурсан байна. Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй ба 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурван тохиолдол батлагдаж, нас барсан тохиолдол нэг бүртгэгджээ.
Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн байна.
Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )