Улаанбаатар хотын орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг "Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг" түүхэн дурсгалт хөшөөг нурааж, сүйтгэжээ.
Соёлын өвд бүртгэлтэй энэ хөшөөний газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэр бүхий компанид шилжүүлэн өгсөн байна. Тус компаниас өмнө нь хөшөөний гадна талд хашаа татаж байсан бол энэ оны хоёрдугаар сарын 9-нд нураахыг оролдсон талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш "Түүхэн дурсгалт хөшөөний газрыг "Монголианлейдэр хаус ХХК" компанийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон байна билээ. Бид газар дээр нь ажиллаж, тус компанийг цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Өмнө нь бас хөшөөний гадна хашаа татсан байсныг иргэд эсэргүүцэж буулгасан" гэж ярьжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 27-ны тушаалаар гаргаж, тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Уг тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд "Монголианлейдер хаус" ХХК-д олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, нийслэлийн соёлын өвөөр бүртгэгдсэн газарт байршилтай байх тул БОАЖ-ын сайдын 2023 оны долоодугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар хурлаас гарсан шийдвэрээр газрыг ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосугай" гэжээ. Мөн оршин суугчдын зүгээс соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт хөшөөний 1605 м.кв газрыг "Монголианлейдер хаус" ХХК-д, ойр орчмын "БЛМ-Тур" ХХК-д 4964 м.кв газрыг, "Түвдэн шаддүв гаацаллин төв" ТББ-д 4259 м.кв газрыг тус тус олгосон захирамжуудыг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхийг 2023 онд шаардаж байжээ.
МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Ардын хувьсгалын 25 жилийн түүхт ойг улс орон даяар өргөн тэмдэглэх шийдвэр гаргаж байв. Түүхт ойн дурсгалд зориулсан өндөрлөгийг 1946 онд Д.Чойдог, Н.Бельский нарын зохиосон зургаар Буянт-Ухаа дахь Яармагийн талбайд барьж босгон 1946 оны долоодугаар сарын 11-нд нээсэн түүхтэй. Өндөрлөг босгосон тэр талбайд 1922 оны зун хувьсгалын анхны баяр наадмыг хийж жанжин Д.Сүхбаатар эгнэсэн олон бургасыг морин давхиан дундаа сэлмээр хоёр талдаа алдалгүй цавчиж, улаан даавуунд боодолтой мөнгийг газраас шүүрэх зэргээр морин сургууль чадамгай хийж, цэрэг дарга нарыг оройлон ард олноо баясгаж байсан аж. Өндөрлөгийн баганан дээр XXV гэсэн тоог товойлгон сийлж суурийн нүүрэн талд “Монгол ардын хувьсгалын 25 жилийн ойн дурсгалд зориулав” гэсэн үг бичсэн байдаг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх тус өндөрлөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор хамгаалалтад авчээ.
Сэтгэгдэл ( 0 )