Улаанбурхан өвчний ГУРАВ ДАХЬ тохиолдол бүртгэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 21

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдлаа.

Гурав дахь тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр буюу хоёрдугаар 21-ний өдөр гарчээ. Өмнө буюу хоёр дахь тохиолдол өчигдөр батлагдсан ба Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигчдын дундаас илэрсэн юм. 

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг анхааруулъя. 

Одоогийн байдлаар ийн Вьетнам улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан гурав дахь тохиолдол бүртгэгдээд байна. 

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй тул үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь Өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан, үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна. 

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэх нь чухал. 

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu