Ая тал зассан мөнгө тараах ажил ид хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Ардчилслан нам 2004 онд анх, иргэн бүрт 10 мянган төгрөг тараах ажлыг эхлүүлсэн бол 2008 оны сонгуулиар Ардчилсан нам болон одоогийн Ардын нам тус бүр, иргэн бүрт 1 сая 1,5 сая төгрөг олгох амлалтыг өгсөн. Мөн шинээр гэр бүл бологсод болон бэлчээртээ идээшилж яваа ямаанд хүртэл мөнгө тараах шийдвэрийг Монголын улс төрчид гаргаж, улмаар хэрэгжүүлж байсан. Гэвч хөгжих гэж байгаа ядуу буурай орон, иргэддээ зүгээр суусных нь төлөө утга учиргүй мөнгө тараах нь, улс орны эдийн засаг болоод хөгжилд асар их хортойг хүн бүр ойлгосон. 2012 оны сонгуулиар мөнгө амлах, тараах асуудлыг хязгаарлахаар, улс төрийн хүрээнийхэн ярьж тохирсон. Гэтэл одоо 30 тэрбум төгрөгийг тараах гэж байна. 16-аас доош насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд, сар бүр мөнгө өгөх хуулийн төслийг, УИХ-ын гишүүн Очирбат санаачилсан. Манай улсад энэ мөнгөнөөс хүртэх 24 мянган эх байдаг юм байна. Иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөг, сонгууль ойртсон энэ үед гишүүдэд хангалтгүй санагдаж, тэд сайхан сэтгэлээр ийнхүү “эхчүүд” гэж ангилан 30 тэрбумыг нэмж тараах гэж байна. Энэ мөнгө нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр олгодог зээлтэй тэнцэх хэмжээний мөнгө. Эсвэл 30 тэрбумаар 30 үйлдвэр байгууллаа гэхэд,30 мянган ажлын байр бий болгож байгаа юм. Харамсалтай нь, одоогийн Улсын их хурлын гишүүд төрийн мөнгийг бүтээн байгуулалтад биш, сонгуулийн санал хураалт авахад зориулж, бэлнээр тараасаар байна. Үүнийг дагаж Монгол улс бүхэлдээ хэд хэдэн ангилалд хуваагдсан халамжийн улс болжээ.

Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top