Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах «Сант асар» ХХК-ийн «Асайт» Худалдааны төвийн лангуу түрээслэгч өөрийгөө шатаажээ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай, эрэгтэй н.Нямаа гэгч өнгөрсөн мягмар гарагийн 11 цагийн үед өөр дээрээ хоёр литр бензин асгаж, шатаасан байна. Энэхүү мэдээллийн мөрөөр бид Түлэнхийн төвд очсон юм. Тэрбээр Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Эмч, сувилагч нараас асуувал бие нь их муу байгаа сурагтай. Сэхээн амьдруулах тасгийн үүдэнд түүнийг хариуцсан эмчийг нь хүлээж байтал эмч нар «Хүн муудчихлаа» гэсээр их л яаруу оров. Сураг сонсвол өөрийгөө шатааж 90 хувийн түлэгдэлтэй ирсэн н.Нямаагийн бие мууджээ. Цаг орчим болсны дараа түүнийг хариуцаж буй н.Хишигжаргал эмч гарч ирэв. Түүнээс хэдэн асуултад хариулт авах гэсэн боловч «Өчигдөр ухаангүй ирсэн. Одоо бие нь маш муу байгаа тул ямар ч мэдээлэл өгөхгүй гэсээр өрөөндөө орчихлоо.
Сахиуртай нь уулзах санаатай үүдэнд нь хүлээж байтал эхнэр нь палатнаас уйлсаар гарч ирээд, нэлээд хэдэн хүн рүү утасдав. Төд удалгүй хэдэн хүн шуугилдаж ирээд өрөөнд нь орцгоолоо. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс «унтмаар байна гээд байна» гэсээр гарч ирэх нь тэр. Тэдний ярианаас сонсвол н.Нямаа ухаан орсон бололтой. Бид ч хэсэг хүлээсний эцэст тэднийг гарсны дараа н.Нямаатай уулзахыг хичээсэн юм. Тэрээр өрөөндөө ганцаараа хэвтэж байв. Цонхны дэргэд сахиур нь бололтой хоёр залуу зогсоно.- Тэд түүнийг эмнэлэгт ирсэн шөнө бөөнөөрөө сахиж хоносон гэнэ. Хаалганы завсраар харвал лав л н.Нямаагийн толгойны үс нь шатаагүй байлаа. н.Нямаа юм ярьж чадахгүй нь ойлгомжтой болсон тул ар гэрийнхэнтэй нь уулзахаар очсон юм. Гэтэл тэд ч бас уцаарлаад халгаасангүй. Иймээс бид Цайз захын наана байрлах хэрэг гарсан «Асайт» худалдааны төвийг зорив. Худалдааны төвийн түрээслэгчдийн хэлж буйгаар н.Нямаа тус төвийн 00 давхарт буюу подвальд гурилын лангуу түрээсэлдэг байжээ. Болсон хэргийн талаар түрээслэгч Г /тэрбээр нэрээ хэлэхийг хүссэнгүй/-гээс зарим зүйлийг тодруулсан юм. -Хүн шатах үед та энд байсан уу?
-Байсан.
-Яг юу болсон талаар жаахан тодруулаач. Нямаа гаднаас шатчихсан орж ирсэн гэсэн?
-Өчигдөр /уржигдар/ өглөө 11 цагийн үед «Амь авраарай» гээд аймаар хашгираад ороод ирсэн. Бид цочоод хартал н.Нямаа шатаад бөөн гал болчихсон гүйж байсан. Энэ хэсгийн лангууг тойроод ирэхээр нь бид «гаргаж болохгүй шүү» гэж хоорондоо хашгиралдаад зогсоохыг оролдсон ч гүйгээд явчихсан. Азаар хаалгаар гарах үед нь хамгаалагч Нямааг газар унагаасан байсан. Тэр даруй би нойтон шалны алчуураа дээр нь шидтэл түүнийг оноогүй. тэттэл харуул нойтон алчуурыг авч дээрээс нь бүтээж дарсан. Энэ хооронд бусад нь хувинтай ус авч ирж дээрээс нь цацаж байж унтраасан юм. Үнэхээр аймшигтай юм билээ.
-Түргэн тусламж дуудахад Нямаа хэр их түлэгдсэн байсан бэ?
-Түргэний тэрэг нэлээд удаж ирсэн. Түргэний тэрэг ирэхээс өмнө галынхан «гал гарлаа» гэсэн дуудлага аваад ирчихсэн байсан. Түргэн тусламж ирэхгүй удаад байхаар нь замын машинаар эмнэлэгт хүргэх гэсэн боловч нэг ч машин зогсоогүй. Ядаж энэ хэрэг өглөө гарсан болохоор машин тэрэгтэй хүмүүс нь ирээгүй байсан юм.
-90 хувийн түлэгдэлтэй гэсэн. Галыг нь унтраасны дараа яаж түлэгдсэн байсан бэ. Та харж чадсан уу?
-Футболк нь бүхлээрээ, жинсэн өмд нь гуя хүртлээ шатаад дуусчихсан байсан. Гарных нь арьс тэр чигтээ хуураад, хамаг мах нь язайчихсан юм шиг харагдсан. Гэхдээ би айгаад сайн харж чадаагүй.
-Яаж байгаад өөрийгөө шатаасан юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй. Би энд орж ирэхээр нь л харсан.
-Нямаа энд хэдэн жил худалдаа хийж байгаа вэ?
-Удаагүй байх. 6-7 сар болж байна уу даа. Ихэнхдээ эхнэр нь лангуун дээрээ зогсдог юм. Хааяа Нямаа, эхнэртэйгээ хамт зогсдог.
-Хэрэг гарах үед эхнэр нь байсан уу?
-Тэр өдөр эхнэр нь сургалтад суух гээд явчихсан байсан гэсэн. Тэр хооронд нь Нямаа зогсож байгаад ийм юм болчихлоо.
-Архи уусан байсан уу. Эсвэл гэр бүлийн маргаан байсан юм болов уу?
-Энэ дотор лав архи ууж харагддаггүй. Тухайн үед яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй.
-Шатсаныхаа дараа ухаантай байсан уу?
-Бага зэрэг юм яриад л байсан. Нэг хүний нэр хэлээд «...муу авгай» гээд л байх шиг байсан. Тэгэхээр нь би лангууны түрээс энэ тэрээс л болсон юм болов уу гэж бодсон. Гэхдээ лангуунаас болж ийм зүйл хиймээргүй л юм. Бид Нямаагийн түрээсэлдэг байсан лангуун дээр очсон юм. Тэднийх гурил, будаа, гоймон зардаг бололтой. Хажуугийн түрээслэгчдийнх нь хэлж байгаагаар ийм зүйл хийх хүн биш гэж байв. Энд архи ууж, эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй даруухан нэгэн гэсэн юм. Ер нь энд хааяа л ирдэг аж. Харин түүнийг ийм зүйл хийсэнд бүгд л гайхаж байгаагаа хэлж байлаа. Ямартай ч цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар Нямаа өнгөрсөн мягмар гарагт «Шунхлай» ШТС-аас хоёр литр бензин авч өөр дээрээ асгаж шатаасан байна. Энэ дагуу ойр орчимд нь байсан хүмүүс түүнийг хагас түлэгдээд байхад нь унтрааж түргэн тусламж дууджээ. Ойрын хэдэн жил өөрийгөө шатаасан хэрэг төдийлөн гараагүй. Гэсэн ч өнгөрсөн мягмар гарагт 1990-ээд оны сүүлээр нэлээд дуулддаг байсан шиг өөрийгөө шатааж амиа хорлох гэсэн үйлдэл давтагдав. Түүний биеийн байдал маш хүнд байгаа тул цагдаа нар мэдүүлэг авч чадахгүй байгаа аж. Ямартай ч түүнийг өөрийгөө шатаахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй эсэх, ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийсэн зэргийг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )