Хүн худалдах гэмт хэрэг дөрвөн удаа гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд эрүүгийн нөхцөл байдал ямар байсныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төв, УМБГ хамтран мэдээллээ. Энэ хугацаанд бусдыг хүчирхийлэх, хүний амь насыг санаатайгаар, хэрцгийгээр бүрэлгэх, танхайн хэрэг өсчээ.

Улсын хэмжээнд 10.116 гэмт хэрэг бүртгэгдсэн нь, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.4 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 55.6 хувь нь нийслэлд гарчээ. Өнгөрсөн онтой харьцуулбал онц хүнд гэмт хэрэг 31.2, хүндэвтэр гэмт хэрэг 2.3 хувиар өссөн бол хүнд гэмт хэргийн гаралт 6.8 хувиар буурсан аж.

Гэмт хэрэгт 9273 хүн холбогдсоны 11.8 хувь нь эмэгтэй, 7.4 хувь нь хүүхэд, 63.7 хувь нь 18-34 насныхан, 57.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа бол 5.7 хувь нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байна. Хүүхэд оролцсон хэрэг 48.1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 6.4 хувиар өсөв. Гэмт хэргийн улмаас 570 хүн амиа алдсаны дийлэнх нь 18-44 насныхан.

Гэмт хэргийн илрүүлэлт 58.1 хувьтай байгаа бөгөөд хүнд гэмт хэргийнх 74.2, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 90.5 хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд хүн худалдах гэмт хэрэг дөрөв, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой есөн хэрэг бүртгэгджээ.

Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top