Хоёр талын харилцааг хадгалахын тулд Украины эрх баригчид АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчидтэй хаана ч уулзаж, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгджээ.
“АНУ-д ч, Украинд ч юм уу өөр бусад газарт ч бид цаашид уулзах нь гарцаагүй. АНУ, Украины стратегийн харилцааны статусыг өнөөдрийн уулзалтаар хоёр тал нотоллоо. Ашигт малтмалын тухай хэлэлцээрийг АНУ-ын хувьд тааламжтай үед нь гарын үсэг зурна” гэж Ермак АНУ болон Украины төлөөлөгчдийн Саудын Араб улсад хийсэн уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэсэн байна.
АНУ болон Украины төлөөлөгчдийн уулзалт Саудын Арабын Жидда хотод мягмар гарагт болсон юм. Энэхүү яриа хэлэлцээний дүнд талуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, байлдааны галыг 30 хоног зогсоох тухай АНУ-ын саналыг Украин хүлээн авахад бэлэн байгаагийн зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа тагнуулын мэдээллийн солилцоог сэргээж, үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээр болжээ.
Талууд мөн Украины эдийн засгийг бэхжүүлэхийн тулд онцгой чухал ашигт малтмал ашиглах тухай хэлэлцээрийг аль болох түргэн байгуулахаар тохиролцсон байна. АНУ болон Украины төлөөлөгчид байлдааны галыг 30 хоног зогсоох тухай санал гаргасанд Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон баяр хүргэжээ. Түүний хэлснээр, одоо Оросын талын шийдвэрийг л хүлээх үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )