XX зууны ная, ерээд оны Монголын сэтгүүл зүйн үйл ажиллагаа, нийтлэлийн бичвэрийг манлайлагч Лодонгийн Түдэв

2025 оны 03 сарын 19

“Үнэн” сонин өөрчлөлт шинэчлэлийг бүх салбарт өрнүүлэхийг ийнхүү уриалан дуудахын зэрэгцээ уг ажлыг өөрөөсөө эхэлж бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж өмнөх редакцийн газар, хэлтэс, тасгийн зохион байгуулалтаас татгалзаж 1989 онд уран бүтээлийн нэгдлүүдийн хэлбэрт шилжжээ. Сэтгүүлчдийнхээ үйл ажиллагаанд бичлэгийн шинэ тогтолцоо буюу КОК-ыг /Хөдөлмөр оролцооны коэффициент/ нэвтрүүлж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлэх бололцоог бүрдүүлж өгсөн байна. Монголын Сэтгүүлчдийн Холбооны ээлжит бүгд хурлыг мөн онд хуралдуулж “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим”-ыг хэлэлцүүлж батлуулаад мөрдүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл монголын сэтгүүлчид түүхэндээ анх удаа мэргэжлийн ёс зүйн зарчимтай болж, түүндээ АНУ-ын Сонинуудын холбоо, Олон Улсын Сэтгүүлчдийн Байгууллагын мэргэжлийн ёс зүйн зарчмын үнэт зүйлсээс санаа авч анхны мэргэжлийн ёс зүйн зарчмынхаа агуулгад тусган баяжуулжээ.

Нийгэм бүхэлдээ нэгэнт хөдөлгөөнд орчихсон 1990 онд “Үнэн” сонин Монгол дахь өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэхдээ зах зээлийн харилцаанд шилжих нь Монгол орныг социализмын хөгжлийн замын мухардлаас гаргах нэг арга мөн юм байна гэдэг чиглэлийг баримталж сурталчилж эхэлсэн нь сэдвийн шинэлэг чиг хандлага байлаа. “Үнэн” сонины 1990 оны №5-д нийтлэгдсэн доктор, профессор Г.Пүрэвбаатарын “Өмчийн олон хэлбэр”, №10-д улс төрч доктор Б.Даш-Ёндонгийн “Нам өөрийгөө яаж шинэчлэх вэ?”, №11-д Х.Цэвлээгийн “Зах зээл, эдийн засгийн шинэчлэлийн цагаан толгой”, №56-д МАХН-ын дээд удирдах ажилтны  нэг Ц.Намсрайн “Өөрчлөн байгуулалтыг монгол ухаанд түшиглэн хийнэ”, №224-д доктор П.Лувсандоржийн “Социализмын тухай өөрсдийн бүх үзэл бодлоо өөрчлөхтүн” гэх зэрэг нийтлэлүүд гарснаас энэ нь нэн тодорхой харагдаж байгаа юм. “Үнэн” сонины хөндөж тавьсан хурц хурц асуудлаар мянга мянган уншигчид санал бодлоо сонины газарт ирүүлж, хариу нэхэж байв. “Үнэн” сонин тэдний захидал, иргэдийн санал шүүмжлэлийг зай талбай хайрлалгүйгээр нүүр нүүрээр сэдэвчлэн нийтэлж эхэлжээ. “Үнэн” сонины 1990 оны №46-д “Шуугиулаад өнгөрөхийн тулд нийтэлдэггүй” /500 асуултын хариуг өгөөч/, №50-д “Шуугиулаад өнгөрөхийн тулд нийтэлдэггүй” /Соёл, шинжлэх ухаан, нийгмийн талаарх 800 гаруй саналыг эргэн харья/, №59-д “Шуугиулаад өнгөрөхийн тулд нийтэлдэггүй” /Мянган захидлын хариу нэхэл/ захидлын боолтууд үүнийг батлан харуулж байгаа юм.

Улс оронд энд тэндгүй улс төрийн залуу хүчнүүд үүсэн бий болох үйл явц хүчтэй өрнөж, МАХН-ыг эрс шинэчлэх хөдөлгөөн гишүүд, дэмжигчдийнх нь дотор улам бүр эрч хүчээ авч эхэлсэн байна. “Үнэн” сонин 1990 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн № 46-д нэр бүхий 15 эрдэмтний бичсэн “Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хэрэгтэй” ил захидлыг нийтэлжээ. Энэ хүмүүс сүүлд тус намын шинэхэн түүхэнд “Шинэчлэгч 15 эрдэмтэн” гэгдэх болсон билээ. Тэдний нэг болох доктор Ж.Ядамсүрэн 34 жилийн дараа буюу 2024 онд “Зууны мэдээ” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “МАХН-ын үндсэн баримт бичгийг шинээр боловсруулсан бидний ажлыг намын удирдлага хүлээн авч хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй байсан учраас ярилцаж байгаад эхлээд МАХН-ын Төв Хороонд “ИЛ ЗАХИДАЛ” бичиж нийтэд хандах нь зүйтэй юм гэж шийдэцгээсэн. Энэ нь олон нийтийн зүгээс дэмжлэг авахыг хичээсэн хэрэг. Захидлаа “Үнэн” сонинд хэвлэж өгөх эсэхийг мэдэхгүй, юуны түрүүнд тус сонины Ерөнхий эрхлэгчтэй уулзах нь зөв гэж ярилцсан. Л.Түдэв гуай бидний төлөөллийг уриалгахан хүлээж авсан. Бид “Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж нэрлэсэн ил захидлаа авч очсон. Л.Түдэв гуай биднийг эелдэг, аядуу, зөөлөн, сайхан, гэхдээ сониучирхсан байдлаар хүлээн авч, Монгол оронд үүссэн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, маргаашийн сонинд тавья гэж хэлсэн. Захидал үнэхээр л маргааш нь буюу 1990 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Үнэн” сонинд хэвлэгдсэн л дээ” гэжээ. /Т.Баасансүрэн. Австралийн тухай тэмдэглэл. УБ. 2024. 172 дахь тал/. Л.Түдэв “Монгол оронд үүссэн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, маргаашийн сонинд тавья гэж хэлсэн”, маргааш нь ил захиадал “Үнэн” сонинд гарсан гэсэн байна.

“Үнэн” сонины 1990 оны №16-д Д.Цахилгааны бэлтгэж ирүүлсэн “Монголын ардчилсан холбооны тухайд”, №17-д Ц.Цэдэндамбын “МАХН-ын дүрэм ийм байвал ямар вэ?”, мөн дугаарт “Монголын ардчилсан холбоо юуг хүсч байна вэ” хэмээх гарчигтай С.Зоригийн яриа, №45-д “АСХ гэж юу вэ?” гэсэн гарчигтай Б.Батбаярын яриа, № 57-д 15 эрдэмтний зохиосон “Монгол Ардын Намын дүрэм”, №59-д Намын онц их хурлыг зарлах, Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, АИХ-ын сонгуулийг хугацаанаас нь наашлуулан 1990 онд хийх тухай Ж.Батмөнхийн радио, телевизээр хэлсэн үг, №59-д “Намын шийдвэрт баяр хүргэж байна” гурвалсан тэргүүн өгүүлэл буюу Г.Дамбын “Ард түмнээсээ асуухын учир”, Х.Цэвлээгийн “Онц их хурлын онцгой үүрэг”, Ц.Мишигдоржийн “Ёс суртахууны бүрэн эрхтэй байя” материалууд, № 60-д “Томилолтын депутат” гэснийг эсэргүүцсэн 21 тойргийн депутатын мэдэгдэл, № 60-д МАХН, МАН, МСДН, МАХ, АСХ, ШДХ, Монголын оюутны холбооноос зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцогчдоос “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал”, №118-д Ц.Сүрэнхорлоо, Р.Рэгзэндорж нарын “Монголын социал демократ намын үзэл баримтлалын тухайд”, №144-д Бат-Эрдэнийн Батбаярын “Ардын нөхөд” гэж хэн бэ? Тэд социал демократуудын эсрэг хэрхэн тэмцэв”,  №151-д С.Зоригийн “Эрүүл, шударга харилцааны төлөө”, №155-д Б.Сумьяагийн “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн үйл ажиллагаанд өгөх улс төрийн дүгнэлт”, №205-д Дожоодоржийн “Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ” зэрэг янз янзын дуу хоолойг илэрхийлсэн олон нийтлэл шил шилээ даран гарсан нь  “Үнэн” сонинд ил тод байдал, олон ургальч үзэл жинхэнэ утгаараа хэрэгжиж байсныг батлан харуулж байгаа юм.

1991 онд “Үнэн” сонин нийтлэлийн бодлогодоо үндсэн өөрчлөлт хийж “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” уриагаа түүх болгон орхиж “Хайрт эх орноо мандуулья” уриагаар солив. 1991 ба 1992 оны “Үнэн” сонины нийтлэл МАХН-ыг шинэчлэх, шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлуулах чиглэлээр өрнөжээ. Монголд намч, ангич хэвлэлийг үүсгэж төлөвшүүлэн “Үнэн” чөлөөт хэвлэлийн гольдролд хөл нийлүүлж алхах алхмуудыг хийж эхэлжээ.

“Монголын үнэн” сонин 1920 оны 11 дүгээр сарын 10-нд анхныхаа дугаарыг гаргаснаас хойшхи өнгөрсөн 105 жилийн хугацаанд 30 ерөнхий эрхлэгчийн гар дамжиж 2025 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар нийтдээ 24635 дугаар хэвлэн гаргасан байдаг юм. Сономбалжирын Буяннэмэх, Баянгийн Намсрай, Цэрэн-Очирын Дамбадорж, Галсан-Ишийн Навааннамжил, Өлзийбатын Бадрах, Дунгарын Чимэд, Бат-Очирын Элдэв-Очир, Бархасын Банзрагч, Буджавын Чойндон, Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн, Санжмятавын Дашдэндэв, академич Цэндийн Дамдинсүрэн, Гомбын Жамц, Гэндэнжамцын Дэлэг, Цэндийн Намсрай, Лодонгийн Түдэв, Өлзийсайханы Энхтүвшин... гэх зэрэг та бидний танил нэрс үргэлжилжээ. Энэ хүмүүс бол “Үнэн” буюу “Монголын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж ирсэн манай салбарын зохиолч, сэтгүүлчид. Тэдэн дотор цорын ганцхан эмэгтэй эрхлэгч бий бөгөөд тэр нь “Монголын үнэн” сонины өнөөгийн Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг юм.

Урьд нь “Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Лодонгийн Түдэв 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр  /1984-1990 онд/ хавсран ажилласан нь Монголын нийгмийн хөгжлийн огцом эргэлтийн он жилүүдтэй оноолт таарч, Лодонгийн Түдэв гэдэг хүний өөрийнх нь сэтгүүлчийн үйл ажиллагаанд баларч бүдгэршгүй тод ул мөрийг үлдээжээ. Үүний нэг амьд гэрч нь би өөрөө мөн гэж хэлж чадах бөгөөд Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцнаа”, Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, А.Даваасамбуу, Б.Базаррагчаа нарын “Дэглэгсдэд дэг хэрэгтэй”, Д.Бордухын “Концесс буюу Мардайн нууц”, Ж.Барамсайн “Шорон дотроос “өшөө авагч” байдаг юм биш биз”, Ц.Дашдондовын “Баярын тухай гунигтай бодол”, “Дээд комиссын доод ажил”, О.Дашбалбарын “Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт” гэх зэрэг монголчуудыг омогшуулан огшоож, монголын нийгмийг нойроос сэрээн шуугиулж наяад оны өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал, үзэл санааг бадраан дүрэлзүүлж, Монголд ардчилсан нийгмийг үүсгэн төлөвшүүлэхэд  шууд нөлөөлж байсан эдгээр нийтлэл бүгд Лодонгийн Түдэвийн гараар орж агуулга сэдэв нь улам баяжаад, үг хэллэг нь тэгширч цэгцрээд, гайхалтай тод, гайхамшигтай гоёмсог гарчигтай болж өнгө зүсээ засаад нийтийн хүртээл болдог байсныг бидний үеийнхэн сайн мэдэх юмаа.

Монголын сэтгүүл зүйн өнгөрсөн 112 жилийн түүхэнд олон гарамгай редакторууд төрж гарсан нь гарцаагүй, тэднээс миний бие хоёр хүнийг онцолж нэрлэх дуртай. Тэр бол Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв хоёр бөлгөө. Лодонгийн Түдэв “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилласан арав гаруй жилд түүний редактарлах билэг авьяас ундарга сайтай булгийн эх адил оргилон бадарч, олон арван хүний нийтлэлийг амь оруулж, улмаар материаллаг хүч болгон цэнэглээд нийгмийг нойроос сэрээж байсан нь бодит үнэн бөгөөд баримттай, нотолгоотой зүйл. “Үнэн” сонинд нийтлэгдэх тэргүүн өгүүллээс эхлээд гэрэл зургийн тайлбар сэлтийг хүртэл Ерөнхий эрхлэгч Л.Түдэв өөрөө заавал үздэг, уншдаг байсныг батлах, гэрчлэх хүмүүс өнөөдөр ч энэ эрдэм шинжилгээний хурлын танхимд сууцгааж байна. Тэр эрхэм хүн өөрийн дур хүсэлтэй сэтгүүлчийн ажилдаа тэгж зүрх сэтгэлээ гүйцэд өгч ажилладаг байсан юм.

Энэ бол Лодонгийн Түдэв гэдэг хүний сэтгүүлчийн үйл ажиллагааны зөвхөн нэг яруу тод өнцөг нь, түүнээс дутахгүй нөгөө нэг чухал илэрхийлэл нь түүний өөрийнх нь нийтлэл зүйн бүтээл туурвилууд. Өнгөрсөн зууны ная, ерээд он Лодонгийн Түдэвийн уран бүтээлд юуны түрүүнд сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдээрээ тодоор ялгаран гэрэлтэж байгаа юм. Хамгийн шилдэг асуудал дэвшүүлсэн өгүүллүүд, аян замын тэмдэглэл, найруулал, эссе бичвэрээ энэ хүн чухам энэ цаг үед буюу “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байхдаа туурвижээ. “Нью-Иорк урт чацтай хот”, “Париж хол боловч ойрхон”, “Бөмбөрцгийн бүсэлхий дээр”, “Галт, мөст, уст орон”, “Хар загалмайн салхи”, “Гурван засгийн орон”, “Англи намба”, “Итали маягийн уулзалт”, “Амны хамхаг буюу шөрөгтэй хүүхэн”, “Дорнодын салхи”, “Барын таван тамир” зэрэг аян замын тэмдэглэл, “Эвдэрснийг эвлүүлье, эвдэхийг эцэслэе”, “Хурд нэмэх жам”, “Төмөр хүний эрин”, “Хүн сэлбэгийн газар”, “Хүн сэлбэгийн ухаан”, “Төлжүүлэгч”, “Гүйдэл”, “Совин”, “Мацаг”, “Гай”, “Чөтгөр”, “Өт”, “Зүүд”, “Айдас”, “Ичгүүр”, “Үхэхүй”, “Монгол там гэж хаана ямархуу юм байна”, “Монгол диваажин гэж хаана ямархуу юм байна”, “Газар”, “Тэнгэр”, “Тамга”, “Зарлиг”, “Тархи”, “Мэлхий”, “Цоож”, “Шорон”, “Өвдөг сөхөрвөл босч болно, ухаан сөхөрвөл босох хэцүү”, “Хэлний мөхөл”, “Цахим эрин айсуй”, “Төмөр сүрэг”, “Ардчилал гуай та мөн үү?” зэрэг хэдэн арав, зуугаар тоологдох нийтлэлийн ихэнх нь “Үнэн” зэрэг  сонинд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон байна. Сэтгүүл зүйн судлаачид, эрдэмтдийн тооцоолсноор Лодонгийн Түдэв өнгөрсөн зууны ная, ерээд онд 336 эссе нийтлэл, 25 асуудал дэвшүүлсэн өгүүлэл, 23 аян замын тэмдэглэл туурвижээ. /Дэндэвийн Сандагсүрэн “Л.Түдэвийн нийтлэлийн онцлог, ур чадвар” /эрдэм шинжилгээний бүтээл/ Монголын шилдэг нийтлэлийн 83-р боть. УБ. 2021. 181-269 дэх тал/. Бас сэтгүүл зүйн онол, практикийн тулгамдсан асуудлаар, тухайлбал “Монголын үнэн” сонины наян жилийн түүхтэй холбоотой чухал судалгаа хийсэн нь “Үнэн: наян жилийн намтрын товьёог” /1920-1996/ судалгааны ном юм. Доктор Л.Түдэвийн эл судалгаа нь “Монголын үнэн” сонины үүсэл эхлэл, 1920-1921 онд анхалж гаргасан 6 дугаарт хэн хэн хэрхэн ямар үүрэгтэй оролцож байсан хийгээд Монгол Ардын Намаас 1921 оны ардын хувьсгалыг ялалтад хүргэхийн төлөө явуулсан тэмцлийн түүхийг судлахад, тэрчлэн “Үнэн” сонины цаашдын наян жилийн хөгжлийн талаарх 1996 оныг хүртэлх хугацааны үйл ажиллагаа, үе үеийн ерөнхий эрхлэгч нараас явуулж ирсэн нийтлэлийн бодлогын мөн чанарыг тодорхойлоход үнэлж баршгүй өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэе.

Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1987 онд нэгэн сонирхолтой судалгааг БНМАУ-ын сонин, сэтгүүл, радио, телевиз, аймаг, хот, салбарын сонин, сэтгүүлүүдийн редакцид ажиллаж байсан 600 орчим сэтгүүлчид, их, дээд сургуулийн сэтгүүл зүйн төгсөх ангийн  цөөн оюутныг хамруулж хийсэн байдаг юм. Уг судалгааны  асуулга доторх “Та өөрийн орны сэтгүүлчдээс хэний бүтээлийг илүү сонирхдог вэ? Ямар сэтгүүлчийг хүндэтгэж дуурайдгаа нэрлэн бичнэ үү” гэсэн асуултад 117 хүн Л.Түдэвийг гэж хариулжээ. Ард нь удаалж эрэмблэгдсэн Л.Дашням, Г.Дамба, Х.Цэвлээ нар 36-37 хүний санал авсан байна. /Т.Баасансүрэн. Австралийн тухай тэмдэглэл. УБ. 2024. 586 дахь тал/.

Арынхаа өрсөлдөгөөс даруй гурав дахин хол тасархай түрүүлж яваа дээрх үзүүлэлтээс харахад Лодонгийн Түдэв өөрийн сэтгүүлчийн үйл ажиллагаа, нийтлэлийн ур чадвараараа монголын сэтгүүлчдийн олонхийн хайр хүндэтгэлийг хүлээж, үлгэрлэн манлайлж  байсан нь ойлгогдож байгаа юм. Түүний толгойлж удирдсан “Үнэн” сонин өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерээд оны эхээр Монголд болж өнгөрсөн өөрчлөлт шинэчлэл, ардчиллыг бэлтгэхэд нийтлэлээрээ шууд оролцоод зогссонгүй, тэрхүү үйл явцын түүхийг түүвэрлэн бичиж толь мэт тусган харуулж хойч үедээ тэмдэглэж үлдээсэн байна. Энэ эрхэм чухаг үйлсэд шинэчлэгч үзэл санаатай, шинэ тэргүүний дэвшилт бүхнийг халуунаар талархан дэмжигч “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч,  Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Лодонгийн Түдэвийн гүйцэтгэсэн үүрэг онцгой билээ. Үүнийг нь ч МАХН зүй ёсоор үнэлж 1990 оны НТХ-ны VIII бүгд хурлаас Л.Түдэвийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр, мөн онд болсон намын Онц их хурлаас байгуулсан анхдугаар бүгд хурлаас Намын Удирдах Зөвлөлийн гишүүнээр тус тус сонгож ажиллуулсан байна. МАХН-ын түүхэнд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч анх удаа засгийн эрх баригч намын удирдлагын дээд түвшинд сонгогдон гарч ирсэн нь энэ юм. Энэ бол Ерэн оны ардчилал, Монголд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүргийг, тухайлбал түүний Ерөнхий эрхлэгч Л.Түдэвийн байгуулсан гавьяаг онцгойлж үнэлэн нам, улсын цаашдын хувь заяаг итгэж найдаж тэдгээр шинэчлэгчдийн гарт даатгаж атгуулсны тод баримт мөнөөс мөн юмаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, МУСГЗ Лодонгийн Түдэвийн сэтгүүлчийн үйл ажиллагаа, нийтлэлийн бүтээлүүдийн талаар дээр өгүүлсэн бүгдийг нэгтгэн дүгнэж үзвэл дорхи үндсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:

Нэг. Өнгөрсөн зууны наяад онд ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалт, ил тод байдал, түүнийг зөвлөлтийн хэвлэл мэдээлэлд тусгаж байсан тусгал Монголын нийгмийн амьдрал, юуны өмнө монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэргүүн ээлжинд “Үнэн” сонины нийтлэлд эергээр нөлөөлсөн байна.

1984 оны 10 дугаар сарын 24-нд “Үнэн” сонины удирдлага солигдож, Ерөнхий эрхлэгчээр Лодонгийн Түдэв ажиллах болсон нь /Тухайн цаг үед нам төрийн төв хэвлэл “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч  нь Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилладаг жишиг практик үйлчилж байв/ түүний амьдрал, уран бүтээлд шинэ эргэлтийн үеийг авчирч, зөвхөн “Үнэн” сонины төдийгүй монголын сэтгүүл зүйг өөрчлөлт шинэчлэлтийн хөгжил хөдөлгөөнд оруулах эхлэлийг тавьж,  нийт сэтгүүлчдийн идэвхийг өрнүүлэх, нийтлэл зүйн олон төрөл, зүйлээр бүтээлчээр өрсөлдөж уралдах боломжийг нээж өгчээ.

Хоёр. Эхний үед “Үнэн” сонин нь ЗХУ-д өрнөж буй өөрчлөн байгуулалт, ил тод байдлын талаарх “Правда” зэрэг сонины нийтлэлүүдийг орчуулан нийтэлж, социализмын хөгжил мухардалд орсныг уншигчдэд ойлгуулж ухааруулхын хэрээр  монголын сэтгүүлчид өөрийн улс орны үнэн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэлтэйгээр хандаж эхэлсэн байна. Энэхүү хандлага нь тэдний бичлэгийн цаашдын агуулгад шууд нөлөөлж “Үнэн” сонин, улмаар бусад хэвлэлд шүүмжлэлт нийтлэлүүд зонхилох болов. Бичлэгийн эл шинэлэг өнгө аяс 1985 оноос эрс эрчимжиж “Үнэн” сонинд “Өндөг”, “Ботго, унага, тугал”, “Социалист овсгоо” гэх зэрэг содон сонин гарчигтай, шинэлэг утга агуулгатай, уншихад урамтай  уншууртай тэргүүн өгүүллүүд олширсон байна.

Шүүмжлэлт нийтлэлүүдийн баримт нотолгоо, үндэслэл нь улам сайжирч, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь дээшлэв. Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцнаа”, Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт”, Ц.Дашдондовын “Баярын тухай гунигтай бодол”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, Ж.Барамсайн “Шорон дотроос “өшөө авагч” байдаг юм биш биз”, А.Даваасамбуу, Б.Базаррагчаа нарын “Дэглэгсдэд дэг хэрэгтэй”, Д.Бордухын “Концесс буюу Мардайн нууц”, Х.Цэвлээгийн “Тэмээ, тэмээчин хоёр” гэх зэрэг алдарт нийтлэлүүд ар араасаа хэвлэгдэн гарч Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэл суурь тавигдав.

НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Хүүхдийн эрхийн тунхаглал”, АНУ-ын Сонинуудын холбооныхны болоод Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын ёс зүйн зарчим зэрэг ардчилсан нийгэмд мөрдөгддөг үнэт зүйлсүүд монголчуудад ил тод болж, монголын сэтгүүлчид үйл ажиллагаандаа үлгэр дууриал аван хэрэглэж эхлэв.

 Гурав. Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн сэдвийн далайц нэмэгдэж хүрээгээ  тэлж өргөжүүлэхийн хэрээр түүнийг эхнээс нь тууштай дэмжигч Лодонгийн Түдэвийн сэтгүүлчийн үйл ажиллагаа /1984-1996/ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр идэвхжин редакторлах ур чадвар нь нээгдэн цэцэглэж, өөрөө ч тэрхүү бүтээлч өрсөлдөөнд татагдан оролцож үлгэр дуурайлал үзүүлэн бичиж туурвих болсон байна.

Өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдэд Л.Түдэв Хорвоогийн жам, Хүний зан, Эх орноо гэх зовинол, Эцэг дээдсийн өв, Энэ яваа нас, Эзэн хичээх ёсон, Эрдэм соёлын ид шид, Эрүүл энхийн зөн, Эх байгалийн элбэрэл, Ус уух хувь, Энэхэн цагийн эрх, Эрх үүргийн жам, Эгээрэл зөгнөлийн учиг, Даяаршлын манан, Замналын манан, Шим мандлын манан, Боловсролын мөчөө, Малчны буян, Элдвийн бодол, Далдад нэвтрэх болгонд, Үндэстнийхээ хувь заяаг эргэцүүлэхүй, Үндэсний бодлогын үсэглэл, Эрүүл мэнд-үндэсний баялаг, Хэлний хүчирхийлэл, Боловсролын диктатур, Хүнд ба хөнгөн суртлын отоо, Цагийн царай, Монгол дохио, Зүүд, зөн, ховс, совин, Хараал ерөөл, гүйдэл дайрлага, Дом шившлэг, заяа төөрөг, Хийморь сүр, үйлийн үр, Сан даллага, тайлга даллага, Гэрэгэ, сэргэ, уриа уухай, Бусад гэсэн 35 сэдвээр 336 эссе, 24 аян замын тэмдэглэл, 25  асуудал дэвшүүлсэн өгүүлэл туурвисны зонхилохуй олонхийг “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, МСХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүддээ бүтээжээ.

Өөрөө үлгэр дууриалал үзүүлэн бүтээж туурвих, өрөөлийн нийтлэлүүдийг өнгө зүс, амт шимт оруулан шижиртүүлж шинэчлэн сайжруулах үйл ажиллагаа нь энэ он жилүүдэд эн тэнцүү түвшинд явагдсан гэж хэлж болно.

Дөрөв. Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн сэдэв “Үнэн” сонины нийтлэлийн бодлогын үндсэн гол чиглэл болон тогтож, шүүмжлэлт нийтлэлийн тоо хэмжээ тасралтгүй нэмэгдэн, хаалттай сэдвүүдийг зоригтойгоор хөндөн тавихын хэрээр монголын нийгмийг удирдан жолоодож буй МАХН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны дутагдал доголдол, сүүдэртэй талуудыг монголын сэтгүүлчид хөндөж шүүмжилж эхэлсэн байна.

Үүнд МАХН-ын гишүүдийн дэвшилт шинэлэг сэтгэлгээтэй тэргүүний хэсэг нэгдэж нийлсэн нь тус намын шинэчилсэн дүрэм, программын төслийг зохиогч 15 эрдэмтэн байв. Тэднийг Л.Түдэв эхнээс нь тууштай дэмжжээ. Ингэж “Үнэн” сонин эрх баригч МАХН-ыг үндсээр нь өөрчлөн шинэчлэх эхлэлийг тавилцаж төрөлх намдаа тусалсан байна.

Тав. “Үнэн” сонины шүүмжлэлт нийтлэлүүдийн үзэл санаа, агуулгыг тус улсын бусад бүх сонин хэвлэл дэмжин дуу хоолойгоо нэгтгэснээр Монгол дахь өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн сэдэвт нийтлэлүүд социализмыг нийгмийн байгууллынх нь хувьд зөв эсэхэд эргэлзэн тээнэгэлзэх байдлыг нийгмийн сэтгэл зүйд аажмаар боловчиг буй болгож чаджээ. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс, ялангуяа улс төр, эдийн засгийн ухааны эрдэмтэд “Үнэн” сонинд өөрсдийн үгийг хэлж эхэлсэн нь Монголд нэг нийгмийг нөгөөгөөр солих онолын сэтгэлгээний эхлэл, нийгмийн сэтгэл зүйн урьдач нөхцөл нь болсон гэж хэлэх үндэслэлтэй байна.

Зургаа. Өнгөрсөн зууны наяад оны сүүлч ерээд оны эхэн гэхэд “Үнэн” сонин монголчуудын шинэлэг сэтгэлгээний гол индэр болж хувирчээ. Тус улсад үүсэн буй болсон улс төр, олон нийтийн хөдөлгөөнүүдийн удирдагчид “Үнэн” сонинд үгээ хэлдэг, иргэд хөдөлмөрчдийн захидал ил тодоор нүүр нүүрээр хэвлэгддэг болсон байна. Үүний нотолгоо нь М.Энхсайхан, Б.Батбаяр, Д.Бямбасүрэн, С.Зориг нарын өгүүлэл, ярилцлагууд, “Шуугиулаад өнгөрүүлэхийн тулд нийтэлддэггүй” ерөнхий гарчгийн дор “Үнэн” сонинд нийтлэгдсэн “500 асуултын хариуг өгөөч”, “Эдийн засаг, аж үйлдвэр, барилгын талаарх 620 асуудал юу болсон бэ?”, “Соёл, шинжлэх ухаан, нийгмийн талаарх 800 гаруй саналыг эргэн харья”, “Мянган захидлын хариу нэхэл” зэрэг иргэдийн захидлуудын цуврал цоморлиг болно.

Энэ бол монголын нийгмийн амьдралд гарсан онцгой содон үзэгдэл, монголчуудын үндэсний ухамсар сэргэж оргилон бадарсны нэн тод үзүүлэлт мөн юм. Ийм эгзэгтэй, огцом эргэлтийн цаг үед “Үнэн” сонин монголын нийгэм дэх янз бүрийн үзэл бодлын цогцолсон илэрхийлэл болж байжээ.

“Үнэн” сонин өмнөх дал гаруй жилийн турш мөрдөж ирсэн  “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” хэмээх ангич, намч уриагаа түүх болгон орхиж, 1991 оноос “Хайрт эх орноо мандуулья” шинэ уриан дор хэвлэгдэж эхэлжээ.  Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт хэвлэлийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх чиглэлд “Үнэн” сонин өөрөө мөн үлгэрлэж нэгэн зоримог  том алхмыг хийж чаджээ.

Долоо. Монгол Улс, монголын ард түмний түүхийн нэн эгзэгтэй огцом эргэлтийн цаг үед буюу өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерээд оны эхэнд “Үнэн” сонин ийнхүү нийтлэлийн зөв чиг шугам баримталж, хүн төрөлхтөний хөгжлийн ирээдүйн нийтлэг чиг хандлагыг урьдчилан олж хараад нийгмийн сэтгэл зүйг тэр чиг гольдролд нийцүүлэн бэлтгэж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийт сэтгүүлчдийг араасаа дагуулж чадсан нь “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Лодонгийн Түдэвийн зөв үйл ажиллагаа, удирдан зохион байгуулах ажлын бүтээлч шинэлэг арга барилтай шууд холбоотойг тухайн цаг үед МСХ-ны орон тооны орлогч даргаар түүнтэй хамтран гар, сэтгэл нийлж ажиллаж байсан амьд гэрчийн хувьд тэмдэглэн хэлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Эдүгээ үүсэн байгуулагдсаных нь 105 жилийн ой тохиож байгаа, Лодонгийн Түдэвээр толгойлуулсан тухайн цаг үеийн “Үнэн” сонин, түүнийг тойрон хүрээлж нийтлэлийнх нь чиг шугамыг сайшаан талархаж дэмжицгээн  бусад сонин хэвлэл, монголын  шинэчлэгч үзэл санаатай сэтгүүлчид нь Монгол дахь ерэн оны ардчилсан хувьсгалыг бэлтгэхэд нийтлэл, нэвтрүүлгээрээ идэвхийлэн оролцож, ардчилсан нийгмийг Монголд буй болгох хөрс суурь, нийгмийн сэтгэл зүйг бүрэлдүүлэн төлөвшүүлэхэд өөрсдийн чухал үүргийг гүйцэтгэж,  үнэ цэнтэй хувь нэмрийг оруулсан нь мадаггүй үнэн юмаа гэдгийг эцэст нь цохон тэмдэглэж өчсүү.

Т.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu