“Газар эх” буюу Б.Хайжамал абугайн дурсгалд

2025 оны 03 сарын 21

-Подними голову, Толганай, возьми себя в руки.

-Хорошо, Что же мне остается делать? Постараюсь. Ты помнишь Земля родная,  тот день?

-...Помню. Я ничего не забываю, Толганай. С тех пор как стоит мир, следы всех веков во мне Толганай. Не вся история в книгах, не вся история в людской памяти – она вся во мне. И жизнь твоя, Толганай, тоже во мне, в моем сердце. Я слышу тебя, Толганай. Сегодня твой день ...

Чингиз Айтматов  Материнское поле  Изд. Кыргызстан Фрунзе 1964, 67стр.

-Толгойгоо өндийлгө, Толганай, биеэ барь.

-За. Өөрөөр яах ч юм билээ дээ. Хичээе дээ. Газар-Эх минь, чи тэр нэгэн өдрийг санаж байна уу?

-...Санаж байна... Би юуг ч эс мартдаг шүү, Толганай. Орчлон хорвоо оршин тогтнож буй үеэс, зуун зууны ул мөр над дор Толганай. Бүхий л түүх цадиг номонд бус, хүмүүсийн ой тойнд бус-над дор. Толганай, чиний амьдрал ахуй ч тэр над дор, миний зүрхэн дор. Би чамайг сонсож байна, Толганай. Өнөөдөр бол чинийх... Чингиз Айтматов /Эхийн тал/.

Баян-Өлгий аймгийн ХДТ-ын тайзнаа 1966 оны хавар уран бүтээлч, жүжигчид /Эхийн тал/ бүтээлийг казах хэлээр олон түмэнд хүртээл болгосон билээ. Газар эхийн дүрийг тайзнаа бүтээсэн хүн  бол Монгол Улсын Ардын жүжигчин Хайжамал Абугай. Эгч Рая бид хоёр ээжийнхээ буянаар оркестрийн нүхэнд зогсон байж үзсэн юм. 2017 онд 94 настай Хайжамал апатай учран золгож, түүх хүүрнэн суух ахуй дор, газар эхийн хайр шингэсэн, дөлгөөн, намуухан дуу нь чихнээ тодхон сонордон, мэлмэртлээ уйлан алдан сууж билээ.  1960 оны намар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн соёл урлагийн 10 хоногийн хүрээнд ХДТ-ын уран бүтээлч, жүжигчдийн нэгдсэн концертод долоон бяцхан охин Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид Абугайн дэглэлт “Дэгдээхэй” бүжгээр оролцсон юм. 
 

Зураг дээр өвөр эгнээнд: Д.Лиза, К.Зейнеп, Б.Катя, Б.Төмөр өвөр эгнээнд: М.Роза, З.Захан, Ася Жараспаева нар

Бяцхан охид, тухайн үед Баян-Өлгий аймгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцон явсан нийгмийн зүтгэлтнүүдийн эрх танхи үр хүүхэд, Д.Лизагийн ээж, арван жилийн дунд сургуульд түүхийн багш, Зейнепийн аав  казах үндэсний хөгжмийн оркестрийн удирдаач Кавкей,  Катягийн ээж  1949-1958 онд Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Ламия,  Розагийн ээж 1958-1962 онд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Мария, Заханы аав  Зиадабек, Асягийн ээж БНКазУ-аас уригдан ажиллаж байсан хорместер Зоя Жараспаева. Сэвжид багш төвийн I, II арван жилийн нэг, хоёрдугаар ангиудаар орон харандаагаар өнгө өнгийн хөгөөр тогшилт хийлгэн, хөгжмийн сонсгол шалган байж, сонгон авсан бяцхан бүжигчид байв.

ХДТ-ын нийт уран бүтээлчид, арын албаныхан машинаар нийслэлийг зориход, бид долоо ногоон онгоцоор замдаа Баянхонгорт нэг хоноглон Улаанбаатарт хүрч билээ. Томчуулаа иртэл, тэр үед  “Алтай” зочид буудал хэмээн нэрийдэж байсан, Сүхбаатарын талбайн баруун талд байрших хотын захиргааны байранд нэг өдөр өнжихдөө “Хүүе хаая” гэх хүнгүй, бужигнуулж өгсөн дөө. Орой нь, бид хэд “сахилга”-д оров. Дэггүй зургаан охиныг зогсоож байгаад, харуулан байж Зоя Жарасбаева охиноо зодож гарав, тэр нь багадсан мэт хувцасны шүүгээнээс өлгүүр мод шүүрэн авч, хайр найргүй балбаж өгөв. Хэргийн учир нь өглөөгүүр бид  гуравдугаар давхраар харайлгаж явтал, нэг өрөөний хаалганд түлхүүр нь зоолттой онгорхой байхаар нь Ася охин хаалгыг нь хаагаад түгжиж орхижээ. Уг өрөөний эзэн, Орос мэргэжилтэн сахлаа хусахаар ариун цэврийн өрөө рүү оронгоо, савангаа ч юм уу нэг юмаа мартаж дээ. Өрөөгөөрөө ороод гарах хооронд түгжигдчихжээ. Өдөржингөө хаалга балбаад хашгираад байсан гэнэ.

Хайжекен апа над руу дөхөж ирэнгээ “Чи дүрсгүйтэх юм бол чамайг ээжид чинь хэлнэ, ээж нь чамайг ингэж зодох болно” хэмээн сануулдаг байгаа. Ийнхүү, миний бие Хайжекен апаг ээж шигээ хайрлан хүндэлдэг болсон юм.  Хайжамал апа миний ээж Б.Шөрке нар үе тэнгийн найзууд. Баян-Өлгий аймгийн соёл урлагийн байгууллагуудыг удирдан, хамтран ажиллаж явсан нийгмийн зүтгэлтнүүд. Шөкен бид  алив нэгэн арга хэмжээ зохион байгуулах үйлсэд, санаа нийлэн ажилладаг байлаа.

Баруун гар талаас Б.Хайжамал. Б.Шөрке

1962 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, гадаадын олон оронд алдар нэр нь түгсэн манлай дуучин Роза Багланова Баян-Өлгий аймагт айлчлан тоглолт хийсэн юм. Эрхэм дуучин хатагтайг онгоцноос буухад нь “хоёр гар дээрээ тосон өргөөд буулгаж авсангүй“ хэмээн гоморхоод зочид буудлын өрөөндөө хэвтээд өгчих нь тэр. ХДТ-ын үзэгчдийн танхим пиг дүүрэн, тоглолт эхлэхийг хүлээгээд сууж байдаг.  Хэн ч очиж зүрхэлдэггүй. Шөкен:

-Алив, хоёулаа очъё хэмээдэг байгаа. Биднийг очиход орон дээрээ гэдэргээ харан хэвтэж байв.

-Таны бие тэнхээ зүгээр үү? Ард түмэн таныг хүлээж байна. Бид хоёр таныг эргэхээр ирлээ. Тоглолт эхлэх цаг боллоо. Таны бие тэнхлүүн бол театр луу явах уу хэмээн Шөкен бид  Роза Багланова абугайг хоёр талаас нь тохой түшин босгов.

-Яадаг билээ дээ, хэцүүхэн улс байна даа.

-Танд юу хэрэгтэй байна, ард түмэн хүлээж байна. Та юу идмээр байна? Бид таныг гуйж байна.

Шар тосонд шарсан хоёр  зүсэм мах идмээр, аяга цай уумаар байна. Шөкен:

-Та тогооч нарт хэл хүргээдэх ээ. Би Абдил гэх эрхэм нэгэн ахлах тогоочтой хэл амаа ололцов. Бид хэд театр луу чулуулаг шороон замаар алхаж явах цаг дор:

-Зам тааруухан юм, чулуулаг юм аа. Хамгийн муу туфлиэ авч гарч дээ, гэрт 60 гаруй туфль байсаар байтал, өөдтэйг нь авч гараагүй юм байна гэхэд Шөкен эрхэм Абугайн араар намайг сэмхэн чимхээд авав.

Алдар нэр нь түмэн олноо танил Роза Багланеваг ард түмэн ихэд талархан хүлээж авсан, хоёр  цагаар төлөвлөсөн концерт нь хайр хүндэтгэлийг нь хүлээсэн эрхэм дуучнаа, тайзнаа ахин дахин урин дуудсаар, бүтэн гурван цаг үргэлжилсэн.
 

Зураг дээр өвөр эгнээнд зүүн гар талаас Батиш, Роза Багланова, Б.Шөрке, Бүкиш, Мажек
Арын эгнээнд: Б.Хайжама, Сонгобай,Серкешхан

1938 онд Хайжекен апа, театрын тайзнаа анхлан олны өмнө гарч тоглолт хийсэн бүсгүй хүн, ХДТ-ын алтан үеийнхний төлөөлөл, тэдэн дотроо ахлагч нь хийгээд төрийн зүтгэлтэн явсан эмэгтэй. Энэ бол эрхэм жүжигчин эмэгтэйн бахархал нь юм. Улаанбаатар хотноо уран сайхны суурин сургуульд арван дөрвөн насандаа юу ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй хүн очсон нь, идэвх зүтгэлтэй сайн суралцсаны төлөө сургуулийн захиргаанаас “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнуулжээ. Тэрээр хүмүүсийн гурван жилд сурах сургуульд үзэх эрдэм номыг нэгхэн жилийн дотор дүүргэсэн хэрэг, Эцэг нь домбороор хөгжимддөг байсны нөлөө болов уу, урлаг уран сайхны замналаар бүсгүй хүн төр, нийгмийн зүтгэлтний хэмжээнд алдар цуугаа дуудуулсаар иржээ. 

“Соёл ба урлагийн хооронд ямар нэгэн холбоо байдаг болов уу” гэсэн асуултад тэрбээр “Урлагийн ач холбогдол нь хүн ардаа амьдралыг танин мэдэхүй рүү хөтлөн жолоодно. Жүжигчин хүн дүрээ бүтээхдээ ихээхэн ухаан санаа зарцуулна, тухайн хүн амьдралд ямар хүн байв, ямар зан ааштай болох... гэх мэтээр бүхий л талаас нь хүнийг судална. Урлаг бол хүний бодол ухааныг нь тэлэн амьдрахуй ухаан дор өнгө өнгийн хөгөөр зориг самбааг нь тэтгэх, эрч хүч өгөх нөлөөтэй. “Урлаг бол амьдралын их сургууль, соёл бол амьдралын хэвшил” хэмээн хариулсан нь бий.

1940 онд нам, засгаас казах бүсгүйчүүдийг бичиг үсэгт нүдийг нь тайлан, боловсролтой болгох, нийгэмд тустай хөдөлмөрт оролцуулах тухайд тусгайлан бодлого явуулсан казах бүсгүйчүүдийн амьдрал ахуйг сайжруулах, өнгөлөг өөдрөг болгох зорилгын үүднээс “қызыд утау” буву улаан гэр гэх дөрвөн  клуб байгуулагджээ. Хажамал апа энэхүү клубуудын анхны 13 ажилтны нэг нь болж  энэхүү клубүүдэд багшлахаар Казахстанаас багш ирсэн нь  Төлеубай Кордабаев.  “Кыз жибек” дуурийг товчилсхийсэн эх бүтээж өгч, Спандиер Көпеевийн “Калын мал” буюу “Сүй богт” бүтээлд тэгш эрх, гэгээрэхийг эрмэлзэхүй дор охид бүсгүйчүүд залуусын хүсэл тэмүүллийг тусгасан; түүнийг тайзнаа тавихуйц жүжгийн эх бэлтгэж өгчээ.

Анхны тоглолтоор гол дүрүүдийг багш нар өөрсдөө бүтээж, удаах тоглолтоор театрын уран сайханчид дүрүүдээ бүтээжээ. Төлегений дүрд Хурманхан нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Кйз Жибекийн дүрд Мушай, Сансызбайн дүрд Дүйсенби, Бекежаны дүрд Бекзада Кайжекен апагийн хань нар тогложээ.
 

Зураг дээр Б.Хайжама, хань Бекзада

Ийнхүү эрдэм мэдлэг, боловсролыг эзэмшингээ 1940-өөд оны залуус утга зохиол, урлагаар амьдралын шинэ хэвшлийг сурталчлан явсан түүхтэй аж.

1971 онд Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн урилгаар Соёлын яамны орлогч сайд Ахмед, Баян-Өлгий аймгийн намын хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Хадыр, ХДТ-ын дарга Хайжамал, Ногооннуур сумын сум нэгдлийн дарга нар  Казахстанд зочлох үеэр Бердикожа, Төлеубай нартай халуун дотноор учран золгохуй дор эрхэм нөхөд хэл шинжлэхүй ухаанаар эрдмийн зэрэгтэй, эрдэмтэн мэргэд болцгоосон байв. ЗМНН-ийн дарга Каржаубаев зочид биднийг  хүлээн авсан юм.

1958 онд Австрийн Тенна хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн конгресст Сүхбаатарын гэргий Янжмаа, Төрийн шангалт зохиолч С.Удвал, АУДС-ийн багш доктор профессор Ч.Долгор нартай хамт Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцжээ. Дэлхийн 76 орноос арьс өнгө, шашин шүтлэг, хэл яриа ондоо олон үндэстний төлөөллүүд оролцсон энэ конгрессд олон улсын эмэгтэйчүүдийн холбооны дарга Каныш Эжин Коттан энх тайвны төлөө дайн өдөөхгүй байх, эх үрсийн эрх ашгийг хамгаалах асуудлаар илтгэл тавьсан байна. 1967 онд Тува АССР-ийн их хурлын дарга Долчима Чойжибалевагийн урилгаар Кызыл хотод амрах завшаан тохиожээ.

Хайжамал абугай 1960.11.09 өдрийн АИХ-ын М217 дугаар зарлигаар БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртжээ. 1964 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цол хүртэж,  БНМАУ-ын АИХ-ын 95 дугаар тойргоос АИХ-ыг депутатаар сонгогдсон юм. 1948 онд МХЗЭ-ийн XI их хуралд, 1964 онд МАХН-ын XII их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа, мөн Алтан гадас одонгоор шагнагдсан. 1981 онд БНМАУ-ын Соёлын Яамны сайдын №510 дугаар тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулжээ. Миний бие төр, нийгмийн зүтгэлтэн Хайжамал абугайн дурсамж хүүрнэлийг үг үсэг гээлгүй тэмдэглэн авсан билээ. Газар эх хэмээн хүндлэн биширч явдаг түүний сэтгэлийн үгс гүн ухаанлаг тухайн үеийнхээ нийгэм сэтгэхүй, нам засгийн бодлогыг гүнзгий ухаарсан, сэхээтэн бүсгүйн дүр төрх сэтгэлд буух ажгуу. Гүнээ мэхийн ёсолном.

Зураг1: Үүнийг үзүүлэгч Баян-Өлгий аймгийн клубийн ажилтан нь казахуудын үндэсний хорооны офицер түрүүч байлдагчдад уран сайхныг үзүүлэх талаар их зүтгэлийг гаргаж, гарамгай тоглосон бөгөөд энэ нь манай байлдааны ба улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх хэрэгт их түлхэц ахицыг үзүүлсэн учир энэ нөхөрт эх оронч халуун талархлын баярыг хүргэмүй. Үнэ бүхий зүйлээр шагнаж, үнэмлэх олгов.
 


Зураг 2: 1939 оны 08 сарын 1.

БНМУ-ын уран сайхны хүрээлэнгийн харьяа уран сайхны сургуулийн захиргаанаас хадгалуулав. Энэхүү сурагч Хайжамал болбаас энэ 38 оны ба 39 хичээлийн жилийн эцсийн шалгалтад 1-р зэрэг шалгагдаж, ерөнхийд сайн шалгагдсан ба олон нийтийн ажилд онц идэвх зүтгэл гаргаж ажиллаж байх сурагч мөн тул тус уран сайхны сургуулийн захиргаанаас үнэлэн үзэж, сайшаалийн үнэмлэх хийгээд үнэ бүхий зүйлсээр шагнал болгож үүрд хадгалуулав.
 

Зураг 3: 1939 оны 08 сарын 19. Сайшаалын үнэмлэх

Улсын уран сайхны хэргийг эрхлэх хүрээлэнгийн шууд харьяа уран сайхны сургуулийн захиргаанаас энэхүү сурагч Хайжамал болбаас гурван жил суралцах агаад энэ жилийн төгсгөлийн шалгалтаар сайн шалгагдсан ба олон нийт, сахилга батын талаар сайн ажилласан тул таны ажлын бүтээлийг үнэлэн үзэж, хасаг хэлний утга зохиолын гурван төрөл угших дэвтрийн, өврийн дэвтэр зэрэг үнэ бүхий зүйл ба дурсгалыг дрсгал болгон хадгалуулав.
 

Зураг 4:

БНМАУ-ын урсан сайхны хүрээлэнгийн газар, уран сайхны сургуулийн газраас энэхүү сурагч Хайжамал болбаас тус сургуулийн газар 3 жилийн хугацаагаар ерөнхий эрдэм ба тусгай мэргэжлийн хичээлүүдээр суралцаж, 10-р зэрэг шалгагдаж, театр клубийн жүжигч ажилд тэнцэх мэргэжил бүхий болж, төгсгөсөн болох учир үнэмлэх хадгалуулав.


Ахан дүүс минь ээ,  газар эхээ харийнхны түрэмгийллээс хайрлан хамгаалахтун. Мөнх тэнгэр минь гэнэн цагаахан үр садаа өршөө. Монгол гүрэн улс минь мандан бадраг.

 

ОХУ-ын хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)  нийгэм-гүн ухаан судлаач Даривхан Лиза

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu