Украины мөргөлдөөнийг зогсоох чиглэлд ахиц гарсан гэж дүгнэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гуравдугаар сарын 18-нд утсаар ярьж, Украины нөхцөл байдал, мөргөлдөөн даамжруулахгүй байх арга замын тухай болон олон улсын өөр бусад сэдвийг хэлэлцсэн байна.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Украины мөргөлдөөнд оролцогч талууд эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөхийг 30 хоног харилцан зогсоох тухай Америкийн удирдагчийн саналыг ОХУ-ын ерөнхийлөгч хүлээн авсан ажээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, талууд мөн Хар тэнгист гал зогсоох горим нэвтрүүлэх, байлдааны галыг бүрэн зогсоох, урт хугацааны энх тайван тогтоох талаар техникийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон байна. Мөргөлдөөнийг зохицуулах ажлыг хэрэгжүүлэх гол нөхцөл нь Украины талд үзүүлж буй гадаадын цэргийн тусламжийг бүрэн зогсоох, тагнуулын мэдээлэл өгөхгүй байх явдал юм гэж Оросын эрх баригчид онцолж байгаа ажээ.

“Владимир Путин бид хоёр утсаар бараг хоёр цаг сайхан ярилцсан. Бид олон асуудлыг хөндөн хэлэлцэхдээ энх тайван тогтоохыг эрмэлзсэн. Украины мөргөлдөөн үргэлжлэх нь дэлхийн гуравдугаар дайн үүсгэх аюул нүүрлүүлэх юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Оросын ерөнхийлөгч Америкийн удирдагчтай утсаар ярихдаа Украины асуудлаар энхийн хэлэлцээр эцэслэн байгуулах ирээдүйг ойртуулж чадсан. Энэ чиглэлд өнөөдөр ихээхэн ахиц дэвшил гарлаа” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф мэдэгджээ. “Оросын төрийн тэргүүн болон Америкийн удирдагчийн утсаар ярьж тохиролцсон саналыг Украины эрх баригчид дэмжинэ хэмээн АНУ-ын засаг захиргаа найдаж байна. Би Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр удаа уулзаж, олон асуудлыг нухацтай хэлэлцсэн. Мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар Оросын байр суурийг харгалзах чиглэлд нэлээд ахиц гарч, гал зогсооход чиглэсэн тодорхой алхмуудыг хэлэлцсэн нь өнөөдөр хоёр улсын удирдагчид тодорхой тохиролцоонд хүрэх суурийг тавьсан гэж бодож байна” гэж Стивен Уиткофф онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu