Умард Атлантын эвсэл ойрын хэдэн жилд зэвсэг, техникийн нөөцөө ойролцоогоор 30%-иар нэмэгдүүлнэ үү гэсэн хүсэлтийг холбоотон орнууддаа болон Канадад тавихаар төлөвлөж байгаа тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн чадавхыг нэмэгдүүлэх шинэ зорилтуудыг одоо хэлэлцэж байгаа бөгөөд зургаадугаар сарын эхээр Брюссельд болох тус эвслийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар батлах юм байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Европын орнууд болон Канад улс санхүүгийн ихээхэн хөрөнгө гаргах шаардлагатай болох аж.
НАТО-гийн өндөр албан тушаалын төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд 5-15 жил шаардагдах ба ингэснээр Европ болон Канад илүү хүчирхэг зэвсэгт хүчинтэй болж, АНУ-аас хамаарлаа багасгах нөхцөл бүрдэх ажээ. НАТО-гийн шинээр дэвшүүлж байгаа шаардлагуудыг АНУ одоо байгаа зэвсгийн нөөцөөрөө хангах боломжтой бол түүний холбоотнуудын олонх нь батлан хамгаалахад зарцуулах хөрөнгөө ДНБ-ний 3 гаруй хувь хүртэл өсгөх шаардлагатай болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )