Тоон гарын үсгийн олон программуудыг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой хэрэглээг бий болгоно

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй. Гэвч тэдний 3.2 хувь нь тоон гарын үсгийг ашиглаж байна. 

Тоон гарын үсэг бол тухайн иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах найдвартай, аюулгүй арга хэрэгсэл юм. Гэвч иргэдийн хувьд тоон гарын үсгийг хаана, юунд ямар зорилгоор ашиглах талаар ойлголтгүй байгаа бол аж ахуйн нэгжүүд тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөрөөр хэрэглээндээ хэвшүүлээгүй байна.

Учир нь, тоон гарын үсэг олгож буй байгууллагууд тус, тусдаа программ хөгжүүлж, төрийн цахим үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн нь нэг талаасаа иргэд төрийн цахим үйлчилгээг авах болгонд тоон гарын үсгийг шинээр авах, нөгөө талаасаа эмх замбараагүй олон системийг бий болгох нөхцөл үүсгэжээ. 

 

 

Үүний зэрэгцээ, манай улсын тоон гарын үсгийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Хэт олон журамтай.

Иймд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, тоон гарын үсгийн программуудыг нэгтгэж, сайжруулах чиглэл өглөө. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам холбогдох хууль, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний суурь гэрчилгээний системийг шинэчилж, цаг бүртгэлийн системийг нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, салангид олон программудыг нэгтгэн сайжруулж, мобайл хувилбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүлээ. 

Дээрх ажлууд хийгдсэнээр төр болон хувийн хэвшлийн байгууллагууд төрөл бүрийн зардлыг бууруулж, төсөв хэмнэх боломж бүрдэх юм. Тухайлбал :

  • Цаас, хэвлэлтийн зардал буурах: 

Уламжлалт гарын үсэгтэй баримт бичигт цаас, хор, хэвлэгч шаардлагатай. Тоон гарын үсэг эдгээрийг хэрэглэхгүйгээр цахимаар баталгаажуулдаг тул дээр зардлыг хэмнэнэ. 

  • Тээвэрлэлтийн зардал хасагдах: 

Баримт бичгийг шуудан, илгээмжээр явуулах шаардлагагүй болсноор шуудангийн төлбөр хэмнэгдэнэ.

  • Хадгалалтын зардал буурах: 

Баримт бичгийг хадгалахад тодорхой хэмжээний агуулах, тавиур гэх мэт орон зай шаардлагатай. Харин тоон баримтыг клоуд эсвэл сервэрт хадгална.

  • Цаг хугацаа ба ажиллах хүчний хэмнэлт: 

Баримт бичиг бэлтгэх, илгээх, буцааж авах, архивлах зэрэгт зарцуулагддаг цагийг багасгана.

  • Тооцоолол ба хэмнэлтийн хэмжээ 

Монголд шуудангийн зардал (жишээ нь, 1000-5000 төгрөг/баримт), цаас, хэвлэлтийн зардал (500-1000 төгрөг/хуудас), ажилтны цагийн үнэ (цагт 10,000-20,000 төгрөг) гэж үзвэл: Сард 200 баримттай жижиг байгууллага уламжлалт аргаар 500,000-2,000,000 төгрөг зарцуулна. Тоон гарын үсгийг ашиглавал сард 50,000-150,000 төгрөг төлнө гэж таамаглавал жилд 4,200,000-23,400,000 төгрөг хэмнэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu