Чингис хааны хөшөө ирэх оны нэгдүгээр сард Лондон хотноо сүндэрлэх гэж байна. Их Британийн "Наlcyon" галерейн захиалгаар ОХУ-ын Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн хамгийн нэртэй төлөөлөгч Даши Намдаков хөшөөг урлаж байгаа аж.
Галерейн зүгээс Лондонгийн метроны "Кings Cross" өртөөний дэргэд түүнд зориулан урлан гаргаж өгсөн бөгөөд одоо тэнд Чингис хааны хөшөөг хүрэлдэх ажил хийж байгаа гэнэ. Уран бүтээлчийн хэлснээр Чингис хааны хөшөөг Лондон хотын төвийн нэгэн гудамжинд ирэх оны нэгдүгээр сарын дундуур нээх юм байна. Дэлхийд нэрд гарсан Буриадын уран бүтээлч Д.Намдаков өдгөө гурван том хөшөөний захиалга дээр ажиллаж байгаагийн нэг нь Монголын эзэнт гүрний хааны хөшөө, Татарстаны нийслэл Казань хотод түүхэн сэдэвтэй, Хятадын Шанхайд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөтэй төстэй агуулгатай томоохон хөшөөг сүндэрлүүлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, тэрбээр М.Бодровын "Монгол" кинонд зураачаар ажиллан ОХУ-ын киноны дээд шагнал "Ника"-г "Шилдэг зураач" номинациар хүртэж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )