УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Ховд аймгийн Манхан суманд Рашгонзэглин хийдийн шинэ дацангийн нээлтэд оролцлоо. 1778 онд үүдээ нээж байсан энэхүү хийдийг 1990 онд сэргээн засварласан юм байна. Равжаа Заяабанди хутагт Алтайн захчин түмэнд зориулж шавыг нь тавьсан энэ хийдэд шинэ дацан барихад 30 гаруй сая төгрөг зарцуулжээ.
Алтайн захчин түмэнд шинэ дацан барьж өгөх ажилд Манхан сумын нутгийн зөвлөлийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын оролцоо их байлаа. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн С.Бямбацогт, “Ховд аймгийн хөгжлийн төлөө” сангийн тэргүүн Ш.Адьшаа, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн хандив тусламжаа өргөж дацанг босгожээ. Дацангийн нээлтэд оролцсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гол шүтээн болох Майдар бурхныг алтаар бүтээлгэн, аравнайлуулж, хийдэд заллаа. Түүнчлэн “Ховд аймгийн хөгжлийн төлөө” сангийн тэргүүн Ш.Адьшаа Далай ламын хийдээс Ногоон дарь эх бурхан, Лхам сахиусыг Рашгонзэглин хийдэд залж, сүсэгтэн олноо баярлуулсан байна. Мөн “Дашчойлон” хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав Алтайн захчин түмний төлөө ном хурлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Манхан сумын төвд шинэ дацангийн нээлтэд оролцсоныхоо дараа сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас өнгөрсөн хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийг таниулахын зэрэгцээ хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцав.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )