Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т.Батсайхан. Тэрээр аймгийнхаа 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ соёолон морины хурдыг сорихоор нутагтаа ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Түүнд аймгийн засаг дарга хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн 80 жилийн ойн медалиар шагнасан юм.
-Сайхан наадаж байна уу? Улсын наадмаар хаагуур наадав?
-Олон сайхан ой тохиосон баярын өдрүүдийг Улаанбаатар хотод өнгөрөөлөө. Манай аймаг хоёр сайхан начинтай боллоо. Сурынхан ч гэсэн амжилт үзүүллээ. Одоо нутгийнхаа 80 жилийн ойд ирээд наадамлаж байна. Зохион байгуулалт сайтай, бэл бэнчинтэй сайхан наадам болж байна.
-Нутгийнхаа наадмыг жил бүр үзэж амжиж байна уу?
-Ер нь жилийн жилд ирж чаддаггүй юмаа. Гурван жилийн өмнө ирж нээлтэд оролцож байсан. Өнөөдөр 80 жилийн ойн наадамд ирж оролцлоо. Энэ жилийн наадам хүн, хөдөлгөөн ихтэй өргөн дэлгэр сайхан болж байна.
-Хэнтэй цуг ирэв?
-Уран бүтээлчдээс бол Дуурь бүжгийн эрдмийн театын гоцлол дуучин Энхтайван, Сайнбаяр бид гурав ирлээ.
-Нутагтаа яаж баярлах вэ? Төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Хүндэтгэлийн тоглолтод оролцож ая дуугаа өргөлөө. Соёолон насанд миний нэр дээр нэг сайхан буян уралдах ёстой. Ингээд үндсэн ажил дуусна даа. Одоо наадамчин хүнийхээ хувиар наадаад л явна даа.
-Өмнөговь аймгийн 80 жилийн ойн наадам хөл хөдөлгөөн ихтэй болж байна. Наадмын сэтгэгдэл?
-Аймгийн маань 80 жил өргөн сайхан наадам болж байна. Улсын цолтой гуч гаруй бөх ирсэн байна. Хурдан мориныхоо түрүүг манай нутгийнхан авч байгаа нь маш сайхан байна. Наадмын нээлтийн тоглолтонд нутгийн маань театрын уран бүтээлчид үнэхээр их хөлс хүч гаргаж бэлдсэн нь анзаарагдлаа. Сайхан тоглолт бэлджээ.
-Аймгийнхаа 80 жилийн ойг ямар уран бүтээлээр угтав?
-Батням гуайн шүлэг, Эрдэнэбатын хөгжим “Нар аргамжсан нутаг” гэж говийн тухай нэг шинэ уран бүтээл хийлээ. Наадмаас өмнө дүрсжүүлье гэж бодсон ч амжсангүй. Наадмын дараа клип хийнэ.
-Уран бүтээлийн сонин сайхан?
-Өөрийнхөө үндсэн мэргэжил болох сонгодог чиглэлээр цомог гаргахаар ажиллаж байна. Дараа нь мөн үндсэн мэргэжлийнхээ чиглэлээр Дуурийн театрт тоглолт хийх бодолтой байна.
-МУГЖ Т.Ариунаа ирж наадмын нээлтийг хийсэн. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Уг нь наадмын нээлтэнд Өмнөговийн хүн олон оролцвол нутгийн ард түмэн илүү их талархах болов уу гэж бодож байлаа. Өмнөговиос төрсөн урлаг уран сайхны олон гавьяат байдаг. Тэр хүмүүстэйгээ уулзаж, урилга, заллага өгсөн үү гэдгийг мэдэхгүй юм. Хүмүүс бол Ц.Энхманлайг урих хэрэгтэй байсан гэж ярьж байсан. Гэхдээ Ариунаа гавьяат сайхан дуугаараа ард түмнийг хөгжөөж, наадмын нээлт сайхан боллоо.
-Монгол эр хүн байна. Морь мал сонирхоно биз?
-Уядаггүй ч гэсэн эр хүнийхээ хувьд сонирхоно л доо. Би чинь өөрөө Булган сумынх. Манай ангийн залуу энд миний нэр дээр өөрийнхөө нэг адууг бэлэглэсэн юм. Түрүү хэлсэнчлэн Соёолон насанд уралдана даа.
-Өмнөговь аймгаас хоёр сайхан начин төрлөө. Начингуудтайгаа уулзав уу?
-Олон сайхан ой тохиосон наадмаар манай аймаг хоёр начинтай болсон. Хоёр начиндаа юуны өмнө баяр хүргэе. Мөн энэ сайхан ойн баярын мэнд хүргэе. Сумъяа бид хоёр нэг сумынх юм. Сая уулзсан. Дараа дараагийн наадамд бөхчүүд маань цол нэмнэ гэж найдаж байна. Улсын цолтой бөхчүүд маань цолоо ахиулна байхаа.
-Багадаа овоо барилддаг байсан биз?
-Өө тэр барахгүй. Би чинь ерөөсөө ноцолдоггүй ш дээ.
-Өөрийг тань бөх байхаар биетэй гэж урлагийнхан ярьдаг юм билээ?
-Тэгэж байна уу.
-Оддын бэсрэг наадамд үзүүрлэж байсан түүхтэй байх аа?
-Шөвгийн дөрөвт үлдэж байсан түүх байна. Тэрнээс цааш гавьяа байгуулаагүй ээ. Тэр ер нь миний бөхийн хамгийн том карьер байх нь ээ дээ.
-Сүүлийн үеийн нийтийн дууны хөгжилд өөрчлөлт, хөгжил дэвшил гарч байх юмуу?
-Өөрчлөлт гарсан гэж хэлэхэд бол хэцүү байна. Амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож. Угаасаа манай Монголчууд дуучин улсууд болохоор дуулалгүй л яахав. Гэхдээ нэг дуу бичүүлснийгээ дуучин гэж зарлах хүмүүс их байна л даа. Энэ тал дээр дуулж байгаа нь хүн ч, дуулуулж байгаа нь ч бодох хэрэгтэй. Дуучны мэргэжил, дуулах урлаг гэдэг бол арай өөр зүйл юм гэж би хэлэх байна.
-Чанарын хувьд сэтгэл дундуур явдаг гэж ойлгож болох уу?
-Үнэхээр сэтгэл дундуур юм байна шүү дээ. Монголын дууны урлагт орж ирж байгаа тэр хүмүүсийг уран бүтээлээ сэтгэл зүрхээ гаргаж, чансаатай хийгээсэй гэж бодож байна.
-Эрдэнэтунгалаг та хоёр яагаад хамт дуулахгүй байна вэ?
-Бид хоёр чинь хамт дуулаад л явж байгаа ш дээ. Тэгж байгаад нэг өдөр хамтарч уран бүтээл хийнэ ч гэж ярьж, төлөвлөж байгаа.
-Өөрөө бол нийтийн дууны салбарт хүч үзээд 10 жил боллоо. Таны хамгийн хайртай уран бүтээл?
-Бүх уран бүтээлдээ хайртай. Энэ дундаас Сэр-Од, Баянмөнх хоёрын зохиож, найруулсан нэг сайхан дуу бий. Энэ дууг Ажнай Бат-Эрдэнэ ахын санаачлагаар хийсэн юм. "Говь шанхын нутаг" гэж дууг ард түмэн мэдэх байх аа. Би өөрөө говийн хүн болохоор тэр дууг дуулсан. Сайхан уран бүтээл болсон. Тоолоод байсан чинь би арван хэдэн говийн тухай дуу дуулсан байна лээ.
-Танай үеийнхэн дундаас нэг наадмаар гурван гавьяат төрсөн. Өөрт тань гавьяат авна гэсэн бодол байдаг уу?
-Уран бүтээлээ хийгээд явж байгаа нөхцөлд цаг нь болохоор авах л байлгүй. Одоогоор бодож санасан юм алга.
-Дуучин Болдбаатар та хоёрыг гавьяатын энтэй дуучин гэдэг. Таныг сая гавьяат болох байх гэж хүмүүс их харлаа даа?
-Одоо аваач гэж ярьдаг хүмүүс байдаг л юм. Би өөрөө авах хэмжээнд уран бүтээл хийсэн бил үү? Бас уран бүтээл хийж байж, ард түмэнд өөрөөр үнэлэгдэж авбал зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Яарах юу байх вэ.
-Өөрийгөө хурцалж, уран бүтээлийн сангаа арвижуулах ёстой гэж хэлээд байна уу?
-Тийм. Эхлээд өөрийнхөө үндсэн мэргэжлийн дагуу сонгодог урлагийн чиглэлээр цомог гаргаад, тоглолт хийх хэрэгтэй байна. Хүмүүсээс ч гэсэн ийм санал их ирдэг. Дараа нь тэр гавьяа шагнал энэ тэрийг нь харах ёстой газар нь хараад ёслобол тэр биз дээ. Миний сонгодог урлагийн чиглэлээр хийх төслийг маань нутгийн ах "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 100 хувь дэмжиж, тусалж байгаа.
-Таныхаар эр хүнд ямар зан чанар байх ёстой вэ?
-Мэдээж сайхан зан чанартай эрчүүд байдаг. Эр хүн, айлын эзэн, аав, хань гэдэг утгаараа үлгэр жишээ болсон ах нар надад бий. Тоолбол олон зан чанар байгаа.
-Эмэгтэй хүний хувьд?
-Сүүлийн үед эмэгтэйчүүд биеэ авч яваа байдал, гоо сайхандаа их анхаардаг болжээ. Сайхан байна гэдэг нь бүх зүйлд нөлөөлдөг гэж бодож байна.
-Гадаад үзэмжийн хувьд сайхан эмэгтэй гэж таныхаар?
-Олон юм байна. Тэрийг дурдаад байвал дуусахгүй байх аа.
-Та ямар машин унаж байна?
-Lexux 470 унаж байна. Сайн машин, сайн морь сонирхдоггүй эр хүн байхгүй байх. Миний хувьд санаж явбал бүтнэ гэдэг шиг өөрийнхөө хөдөлмөр, авьяасаараа явбал хүрэхгүй чадахгүй юм байхгүй байх гэж боддог. Энэ машины хувьд саяхан авсан.
-Таны унаж байгаа хэд дэх машин бэ?
-Дөрөв, тав дахь нь юм байна. Анхны машинаа 2003 билүү, 2004 онд Хонда гээд суудлын тэрэг авч байсан юм.
-Хэдэн оны жолооч вэ?
-2004 оны жолооч.
-Өөрийгөө дүгнэвэл?
-Намайг хүн бүр янз бүрээр дүгнэх байх. Их зантай, нүдэнд дулаахан гээд янз бүрээр дүгнэдэг. Тэр бүрийг тоодоггүй л дээ. Яахав, би ямар нэг байдлаар хүнд муухай харагддаггүй байх гэж боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )