Сүүлийн үед онц хүнд гэмт хэрэг их гарах болжээ. Тэр дундаа хүний амь нас санаатайгаар, онц хэрцгийгээр хөнөөх нь ихсэх хандлагатай байгаа юм. Тухайлбал, 49 настай эмэгтэйг 70 гаруй удаа хутгалан бүрэлгэх, өс хонзонгийн улмаас хөнөөх зэрэг аймшигтай хэргүүд дарааллан гарах болсон. Энэ талаар болон сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар УМБГ-ийн Тамгын газрын захиргаа хэлтсийн дарга Б.Батсууриас тодрууллаа.
-Жил ирэх тусам гэмт хэргийн гаралт, онц хүнд гэмт хэргийн гаралт ихэсч байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Өнөөдрийн байдлаар ЦЕГ-аас УМБГ-т онц хүндэд хамаарагдах хэд хэдэн хэргийг шилжүүлсэний дагуу шалгах ажиллагаа явагдаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын шатандаа яваа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Тэгвэл олны анхаарлын төвд байгаа хэргүүд хэрхэн шийдэгдэж байна?
-Энэ онд олон хүнийг хамарсан дуулиант хэргүүд цөөнгүй гарсан. Тухайлбал "Байгаль эрдэнэ сан"-гаас сүлжээний бизнес нэрээр иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг байна. Тэдний залилан хийх гол арга нь 650 мянган төгрөгөөр машинтай болгоно гэсэн зар сурталчилгаа. Одоогоор уг хэрэгт 2323 хүнийг хүнийг хохирогчоор тогтоогоод байна.
-Хохирогчдын ихэнх нь мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа гэсэн үү?
-Тийм. Төрийн бус байгууллагад залилуулж, мөнгөө алдсан олон иргэд бий. Гэвч ихэнх хохирогчид мэдүүлэг өгөхгүй, цагдаагийн байгууллагад хандахгүй байгаа учраас бодит хохирлыг тогтооход нэлээн хүндрэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим хохирогч мэдүүлэг өгсөн. 12 хүнийг сэжигтнээр татан байцааж байна.
-Н.Мөнх-Оргилын хэрэг ямар шатандаа явна?
-Хөвсгөл аймагт бага насны охин хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )