Б.Хурцыг Германд шилжүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Англи улсад хоригдож байгаа Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы шүүхэд шилжүү­лэх эсэх шүүхийн шийдвэр өнөөдөр  гарах юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Хитроу нисэх онгоцны бууд­лаас баригдаж одоо Англи улсад хоригдож байгаа Б.Хурц нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байх үедээ Англи улсад айлчлан очиход Их Британийн нисэх онгоцны бууд­­­лаас тусгай албанынханд нь баривчлагдсан.

Түүний шүүх хурал удаа дараа хойшилсоор бараг арван сар Англид хоригдоод байгаа. Гэхдээ энэ удаад шүүхийн эцсийн шийдвэр гарах ёстой юм. Одоогоор Б.Хурц өөрөө Германы шүүх рүү хэргээ шилжүүлэх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Мөн өмгөөлөгч нь Б.Хурцыг Германы шүүх рүү шилжүүлэх шийдвэр ч гарч магадгүй гэсэн таамаглал байж болохыг үгүйсгээгүй. Шүүхийн шийдвэр  Б.Хурцыг Английн талд уу, Германы талд шилжүүлэх үү гэдэг нь өнөөдөр тодорхой болно.

Шүүгчид анхан шатны шүүх хурлаас түүнийг Германы талд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч тэрбээр давж заалдсан. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Б.Хурцын өөрийн хүсэлтээр Германд талд үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн өргөдөл өгсөн гэсэн мэдээлэл байгаа. Харин албан эх сурвалж  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг  “Манайд албан ёсоор мэдээлсэн юм алга. Хэрэв тийм өргөдөл өгсөн бол бидэнд мэдээлэх ёстой.  Шүүхийн шийдвэр Германы талд ч, Английн талд ч гарахыг үгүйсгэх аргагүй. Аль талд шийдэх шүүхийн шийдвэр маргааш гарна” гэсэн.  Тэгэхээр өнөөдөр Б.Хурцын хэргийг аль улсын талд шийдвэрлэх эцсийн шийдвэр гарна. Ямар нэг шалтгаанаар хойшлохгүй л бол шүү дээ.

Монгол Улсын иргэнээ эх орондоо авчрах гэсэн хүсэлт ах дүү нарт нь ч, албаныханд ч байсан. Британийн Нийтийн танхимын гишүүн, Британи-Монголын парламентын бүлгийн дарга ноён Эндрью Розинделл тэргүүтэй төлөөлөгчид УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн урилгаар манай улсад зочилж байх үеэр ч  Б.Хурцын ар гэрийнхэн, найз нөхөд нь жагсч байсан гэвч энэ шүүхийн шийдвэрийн дагуу Англи улсад хоригдохоор болсон. Шүүх хурал өмнө нь зургадугаар сарын 21-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон.  Б.Хурцыг Ев­ропын холбооны хуулийн дагуу баривчилсан тохиолдолд асуудлыг 90 хоногт, Их Британийн хуулиар бол 21 хоногийн дотор шийдэх ёстой.  
Харин Б.Хурцыг өөр санаатай хорьсон гэх хардлагатай нэгэн ч бий.  Монгол Улсын нууц албаны ажилтнаа өөр улсад ял эдлүүлнэ гэдэг улсын задрах аюултай байхад өөрсдийн талд шийдүүлж чадсангүй гэх хүн ч бас бий.

Анхан шатны шүүх хуралд Монголын талаас тавьсан баримт материалыг дутуу хэлэлцсэн гэж болно. Ер нь Гадаад харилцааны яамны захидлыг үндэслэн Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр Английн талд гарвал хуулиараа бол дахин давж заалдах эрх бий. Гэхдээ шүүх хурлаас давж заалдах боломжгүй гэсэн шийдвэр ч гарч болох гэнэ.  Анхан шатны шүүх хурлын дараа ч Английн тал давж заалдахгүй гэж байсан. Энэ удаад ч  өмнөх шийдвэрээ хэлэх байх гэж албаныхан үзэж байгаа. Өнгөрсөн  хугацаанд түүнийг батлан даалтад гаргах хүсэлт хэд хэдэн удаа тавьсан ч Английн тал эс зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүх хурлаас түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гарч, манай тал давж заалдсанаар өнөөдрийг хүрээд байгаа билээ. 

Өнөөдөр Монголын цагаар шүүх хурал орой буюу 20.00 цагийн үед эхлэнэ. Тиймээс  Гадаад хэргийн яамнаас шийдвэр оройтож гарах байх гэж таамаглаж ирэх бямба гаригийн 11.00 цагт хэвлэлийн хурал товлосон байгаа. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top