Бид хүүхдээ хэн болгож хүмүүжүүлж байна вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Хүний амьдралын утга учир хүүхэд гэлцдэг. Гэтэл өсч өндийж буй үрс минь ямаршуухан хүмүүжил, төлөвшил олж буйг гудамжны нэг үзүүрт л ил байгаа шүү дээ. Алив эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн буруу, зөрүүг сургууль, цэцэрлэгийн багш нарт тохож орхидгоос бус өөрсдөөс шалтгаалах бүхнийг анхаарахгүй, учир дутагдалтай өсгөж буй нь дийлэнх. Энэ ч утгаараа нийгэмд залуус муу бүхний эгнээнд “цохиж” явах нь ч олширч. Тухайлбал, саяхан даа. Наадмын дараа буюу энэ сарын 16-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэйг зэрлэгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн хэрэгт өсвөр насны дөрвөн хүүхдүүдийг сэжигтнээр шалгаж байгаа гэнэ. Энэ мэтээр гэнэн томоогүй насандаа хэрэгт төвөгт орооцолдож, өргөст торны цаана хайран залуу насаа өнгөрөөх тохиолдол цөөнгүй байгааг албаны эх сурвалж мэдээлж байгаа. Хэрэг үйлдэх гол сэдэл нь РС тоглоом гэх юм билээ.


Өнөө цагийн донтогчид


Зуны зугаатай амралт хүүхдүү­дийн хувьд нэг л таагүй өнгөрөөд байгааг эцэг эхчүүд мэддэг болов уу. Үүнийг гэрчлэх шиг зун, намрын улиралд Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчлүүлэхээр ирэгс­дийн дийлэнхийг хүүхдүүд эзэлдэг гэнэ. Яагаад гээч. Ээж, аав, ах, эгч ажилдаа гараад явчихна, гэрт хийх юмгүй уйдсан хүүхдүүд ойролцоох PC тоглоомын газрууд л өдөртөө тэдэнд хань болж, зугааг нь гаргана. Тохиолдлоор нэгэн интернэтэд орж суулаа. Тэнд буй хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд. Тэд хоорондоо “Би чамайг буудчихлаа, үхээчээ, чамайг ёстой кайфтай алчихлаа, би буу авья, чи хутга ав, дэлбэллээ шүү” гэх мэтчилэнгээр сэтгэл сэрдхийм яриа хөөрөө нь дотор арзагнуулж орхилоо. Дуу хоолойных нь өнгө, нүүр царайных нь хувирал нь ч тэр. Яг тоглоомондоо уусчихсан аятай. Өглөөнөөс үдшийн бүрийн тасартал өмнөх дөрвөлжин хар хайрцагт толгойгоо мэдүүлж, тэр ч байтугай хулгай хийж тоглох мөнгө төгрөг олох зэргээр цааш алхам алхмаар далдуур буруу хүмүүжилд хөтлөгдсөөр. Зуны улиралд РС тог­лоо­монд хэт донтсоноос сэтгэцийн эмгэгтэй болсон гэх оноштой хүүх­дүүдийн цуваа эрс нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн онд Сэтгэцийн эмгэг суд­лалын үндэсний төвд 36 хүүхэд эмчлүүлснээс хамгийн бага нь зургаан настай, тэгээд 20 хүртэлх нас­ны хүүхдүүд компьютерийн дон­тон гэсэн оноштойгоор эм­чил­гээ хийлгэсэн талаар тус төвийн Хүүхдийн тасгийн их эмч н.Саранцэцэг хэлж байна.    


Ирээдүй цагийн архичин, тамхичид


Нөгөө талаар хүүхдүүд томчуу­дын толь гэдэг. Томчууд юу хийнэ түүнийг өөрийн эрхгүй дууриан үйл­дэнэ. Хамаг муу муухай бүх­нийг нүднээ харуулж өсгөж хүмүү­жүүлчихээд эцэс сүүлд нь “одооны хүүхдүүд...” хэмээн шогшрох нь ут­гагүй. Манайхны жилдээ тэмдэглэж баяр ёслолын өдрүүд хэрээс хэтэрч. Ихэнх нь ахуйн хүрээн дэх архидалттай болж өнгөрдөг энэ баяр нь хүүхдүүдэд “сургууль төгсөхдөө архи ууна” гэх мессэжийг өгсөөр байдаг. Үр дүнд нь өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн хүүхдүүдийн 70,6 хувь нь согтууруулах ундааг ямар нэгэн байдлаар хэрэглэдэг болчихжээ. Мөн нийт хүн амын дийлэнх нь тамхичин. Гэр орон, гудамж талбай хаа сайгүй хөлхөх тамхичид мөн л хүүхдүүдэд нөлөөлсөөр. Тамхиа амандаа зуусан чигээрээ эвтэйхэн ярьж, утааг нь суунаглуулан суух аав нь цаанаа л нэг донжтой харагдах нь “тамхи татах юм сан” гэсэн хүслийг хүүхдүүдэд төрүүлсээр л байдаг. Ингээд л хорт хавдрын гол шалтгаан болсон тамхийг хүүхдүүд татсаар өдгөө 13-15 насны охидын 13,3 хувь, хөвгүүдийн 35,2 хувь нь тамхичин болжээ.

Энэ бүгдийн гол буруутан эцэг эхчүүд, боловсролын салбарын дутагдал, доголдлыг “өнгөт”-өөр харуулж байна гэхэд хилсдэхгүй. Сурч буй сургуулиасаа олж авсан мэдлэг маруухан, тоглох наадаж, нөхөрлөх боломж бүрдүүлсэн үйлчилгээний газраар дульхан орчинд хүмүүжиж байна гэх үү дээ. Ядаж байхад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаг бил үү. Хаа нэг үнэ өртөг нь дийлдэхгүй усан бассейн, зуны зуслан, стандарт хангасан тоглоомын газрууд тэр бүр түмний үрсэд үүд хаалга нь нээлттэй бус гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүртээмжтэйгээрээ байшин бүхний булан дахь баар цэнгээний л газрууд байх шив. Энэ мэтээр бид хүүхдээ хэн болгож хүмүүжүүлээд байна вэ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top