Хичээлийн шинэ жил эхлэх дөхөх тусам их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэх нь гэх мэдээлэл сүүлийн үед яригдах болсон. Өнгөрсөн жилийн хичээлийн жилд их, дээд сургуулиуд тодорхой хувь хэмжээгээр сургалтын төлбөрийн босгыг өндөрсгөж, салбар хариуцсан сайд инфляцын төвшин буюу өнгөрсөн оныхоос 13 хувиар нэмэгдүүлсэн тохиолдолд сургуулиудын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцно гэх шийдвэрийг хүргүүлж, тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Энэ удаад Монгол Улсын Их сургуулийн сургалтын төлбөр дунджаар 20-30 хувиар нэмэгдүүлнэ гэх яриа ч чих дэлсэж буй энэ цаг үед холбогдох удирдлагуудаас асууж тодрууллаа.
БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан:
-2011-2012 оны хичээлийн жилд зарим их, дээд сургуулиудын тухайд сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмж байна гэх юм. Энэ асуудалд яамны зүгээс ямар чиглэл өгч байгаа вэ?
-Яамны зүгээс ирэх сарын эхнээс их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийн талаар чиглэл өгөх байх. Одоогоор чиглэл гараагүй байгаа. Сургалтын төлбөр нэмэх асуудлыг тухайн сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргаж, яаманд танилцуулдаг. Гэхдээ яам инфляцийн төвшинтэй уялдуулах чиглэл л баримтлана байх.
-Монгол Улсын Их сургууль сургалтын төлбөрөө 20-30 хувь нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байна. Яаманд энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Одоогоор албан ёсны мэдээлэл яаманд ирүүлээгүй байгаа.
-Та өөрөө Эрүүл Мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн. Танай сургуулийн хувьд...?
-ЭМШУИС-ийн Удирдах зөвлөл хуралдсан. Гэхдээ нэр солих эсэх асуудал хэлэлцсэнээс бус сургалтын төлбөр нэмэх талаар яриагүй. Удахгүй хуралдаж шийдвэр гаргах байх. Манай сургууль яамнаас өгсөн чиглэлийг л дагах байх.
МУИС-ийн ректор Ц.Төмөр-Очир:
-Манай сургуулийн Удирдах зөвлөл хуралдсан ч эцсийн шийдвэр гаргаагүй. Учир нь, яамнаас ямар чиглэл өгөхийг хүлээзнэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэвлэл мэдээллээр яригдаад буй МУИС сургалтын төлбөрөө 20-30 хувь нэмлээ гэдэг бол худал гэж хэлмээр байна.
ШУТИС-ийн проректор н. Дамдинням:
-Сургуулийн Удирдах зөвлөл хуралдсан. Яамнаас баримталж буй инфляцийн төвшнөөс дээш хэмжээнд сургалтын төлбөрийг нэмэхгүй гэх байр суурьтай байгаа.
Эх сурвалж: Ардын эрх
Сэтгэгдэл ( 0 )