Сод нь гийсэн Содхүү дарга

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Уг нь мэргэжлийн хяналтын газар гэж хойд талын хар овоохой гэдэг шиг юм л бол муу, муухайгаараа дуудуулдаг газар байв? Юу л болно мэргэжлийн хяналтынхан юу хийж байсан байна, яахаараа мэргэжлийн хяналтынхан мэдээгүй байдаг билээ гэлцэж, мэргэжлийн хяналтын байцаагчийг хүн биш авлигачин гэж нэрлэх дээрээ ч тулаад байв даа. Гэтэл одоо мэргэжлийн хяналтынхан од болж байна аа гэж... Долоо хоног бүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү аль нэг салбарынхныг дуудаж загнадаг болов. Заримдаа бүр эргүү, тэнэг, хонь малаар нь дууддаг гэж байгаа юм. Цаадуул нь ч гэж цаадуул загнуулж байхтай таарсан амьтад гэмээр бүлх залгисан юм шиг бүлтэлзэж байна. Р.Содхүү хэнийг ч болов шударга үгээр мохоогч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй дайчин баатарын дүрд тоглох болов. Бүр сүртэй хэлбэл, охид хүүхнүүдийн гэзэг үсгийг хяргаж, хувьсгалт уриа цуурай хадуулдаг байсан коммунистууд л юм байдаг болов уу гэмээр. Р.Содхүү дарга ч бүр дүрдээ итгэчихсэн сэлэм эргүүлэх нь “Чи хариулж чадахгүй байхыг мөнгө авчихсан юм байна л даа, хэдэн төгрөг авснаа хэл” гээд хэдэн байцаагчийнхаа  нүд чихийг нь ухчих шахдаг гэсэн. Ийн сүржигнэх бүрийдээ хэвлэлийнхнийг дуудан бужигнуулахуйд “Амар юм аа, 2012 оны сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй хийгээд эхэллээ” гэж зарим нь атаархаж үхэхээ шахдаг гэсэн. Р.Содхүү ч гэсэн гурван төрд нүүртэй гэгчээр хэзээний аятайхан албан тушаал бараадчихсан л байдаг зайтай эр. Эдийн засагч гэхээсээ томхон нэгдлийн гүйдэг нярав, хэлэмгий доломгой хөдөөх  маягийн имижтэй, ташуухан харахад бөө зайрангийн төрхтэй тэрбээр Монголын хөрөнгийн биржийг хэсэг толгойлсон. Цэмцгэрхэн дилерүүд дунд нэг л харь. Ядаж байхад эдийн засаг ярьж байснаа “Монголчууд бид эзэн Чингисийн үеэс улбаатай 800 жилийн төрт их түүхтэй улс болохоор эдийн засгийн хямралаас гарах нь тодорхой” гээд тэс хөндлөн юм яриад унадаг. Тэгснээ гэнэт Монголын хөрөнгийн бирж гэдэг логотой хэвлэлийн танхимдаа шилдэг тариаланчдыг цуглуулж шагнаад л хөрөнгийн биржийн захирал нь үндсэн ажил нь юм уу тариаланчдын холбооны тэргүүн ч билүү сайн дурын сэтэр нь ажил нь уу ойлгогдохоо больчихдог сонин нөхөр. Харин монголчууд жинхнээсээ хөрөнгийн зах зээл рүү үсэрч орно хэмээж байгаа энэ үед Р.Содхүү захирал мэргэжлийн хяналтын байгууллага руу үсрээд ороод ирэхэд олон хүн гайхсан. Бас “олзны алтан судал” судал атгав хэмээн атаархсан. Харин одоо хүссэн салбарынхныг дуудаж авчраад баруун солгойгүй загнахыг оройдоо зурагтаар харахад “Бас цалинтай юм уу...?” гэдэг шиг бас PR-тайгаа гэж...  

Хоол идэхээр хордож үхчих гээд байшингийн сүүдэрт зогсоход нурж унаад дарж алчих гээд байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын даргын гал цогтой үг, шударга шүүмжлэл сайхан сонсогдож байна гэж жигтэйхэн. Нээрээ ч ингээд л шалгаад л торгоод л, хяргаад л, буруутай этгээдийг булзах газаргүй болтол бүлтэлзүүлээд баймаар. Бүр Р.Содхүү даргад сэлэм агсуулаад, жанжин малгай өмсгөчихмөөр.  Гэвч онгод орсон бөө шиг бөөлөх нь холгүй байгаа дарга аа, та хааяа амаа жаахан татаж байгаарай. Та төрийн албан хаагч болохоос хаан заан, шүүгч, яллагч, бөө зайран бүр биш. Тэр тусмаа бас удирдах албан тушаалтан хүний хувьд хүмүүсийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлох бүр ч эвгүй. Шүүхээр гэм буруутай нь эсвэл хүн биш мал гэж тогтоогдоогүй байгаа хүнийг элдвээр хэлж бүр болохгүй. Та тэгэхээр жаахан тогтож айлдана уу? Ингэхэд бас Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг аливаа алдаа, эндэл гарахаас урьдчилан сэргийлэх, аливаа бүхэн мэргэжлийн ёс журам, шаардлага стандартын дагуу байгаа эсэхийг хянах л ёстой байгууллага шив билээ. Харагдаж үзсэнээ торгож шийтгээд байх газар хэрэг биш байх. Авлигатай тэмцэх газар бүр ч биш байх шүү. 

Эх сурвалж. Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top