Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад айлчилж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюн Соныг өчигдөр хүлээн авч уулзлаа. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Сан Хюун Сон Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Дэлхийн 116 улс гишүүнээр нь элсээд буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны айлчлал юм. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, үндэсний хууль тогтоомжоо Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчлөх, олныг хамарсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүн сургах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав.
Олон Улсын Эрүүгийн шүүх буюу ГААГ /GААG/ нь дайны эсрэг, түрэмгийллийн эсрэг, хүчирхийллийн эсрэг, бүлгээр устгах гэсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар Уганда, Конго, Судан, Лив, Кени, Зааны ясан эрэг гэх мэт долоон улстай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүхээс өмнөх шатны үйл ажиллагаа явуулах хэлтэс 23 хүнтэй холбоотой баривчлах захирамж гаргаад байгаагийн найм нь хүлээгдээд байгаа бөгөөд үүнд Суданы Ерөнхийлөгч Аль Башир, Ливийн Ерөнхийлөгч Каддафи нартай холбоотой асуудал багтаж байгаа талаар ноён Сан Хюун Сон яриандаа дурдлаа.
Уулзалтын үеэр цаазаар авах ялтай холбоотой асуудал мөн хөндөгдөв. Олон Улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оногдуулдаггүй бөгөөд 20-30 жилийн хорих ял оногдуулдаг тухай ноён Сан Хюун Сон хэлсэн юм. Мөн Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгддэг дөрвөн төрлийн гэмт хэрэг манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдаг хэдий ч эдгээр заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа талаар хөндөн ярив. Ерөнхий шүүгч Ц.Зориг Ерөнхийлөгч Сан Хюун Сонд Олон Улсын Эрүүгийн шүүхэд монгол шүүгч ажиллуулах тухай хүсэлт тавьсан байна. Энэ айлчлал Олон Улсын Эрүүгийн шүүх болон Монгол Улсын шүүхийн харилцааг улам бэхжүүлэх, цоо шинэ шатанд гаргах нэгэн шинэ гүүр боллоо гэж талууд дүгнэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )