Дархан хил дээр дахин буун дуу гарч, заставын соёл хүмүүжил хариуцсан орлогч амиа егүүтгэжээ. Энэ сарын 25-нд Дорнод аймаг дахь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставын орлогч, ахлах дэслэгч Э гэгч АКМ маркийн буугаар өөрийгөө буудсан. Одоогоор түүний амиа хорлосон шалтгааныг тогтоохоор Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангийн Зоргоны заставын орлогч, ахлах дэслэгч Э нь жагсаалын талбай дээр амиа хорложээ. Бид энэ хэргийн талаар Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа П.Наранбатаас тодруулах гэсэн боловч туслах нь утсыг нь авч, “Дарга эргээд залгая гэж байна” гэснээр утсаа таслав. Эргэн залгасан боловч ”Даргын утасны цэнэг дууссан байна, өрөөндөө алга” гэснээр П.Наранбат даргатай холбоо тогтоох боломжгүй боллоо. Хэрэг гарах үед заставын захирагч нь амралтаа авсан байжээ. Гэсэн ч тэрбээр хэрэг гарсан сургаар анги дээрээ ирсэн бололтой. Иймээс штабын даргатай нь холбогдоход мөн л утсаа авсангүй. Энэ мэтээр тус ангийн удирдах албан тушаалтнууд хэвлэл мэдээллийнхнээс зайгаа барьж таг чиг болсон юм. Гэхдээ энэ бол Хилийн цэргийн ангиудад түгээмэл ажиглагддаг үзэгдэл. Эцэст нь 0132 дугаар ангийн Мэдээллийн тасгийн дарга, дэд хурандаа н.Баттулга гэх хүнтэй холбогдлоо. Тэрбээр “Энэ хэргийг цагдаа нар шалгаж байгаа. Өнөөдөр бүх шинжилгээ судалгаагаа хийгээд хот руу явуулсан. Цагдаа нар биднийг мэдээлэл өгөхийг хориглосон” гэв. Талийгаачийн хувьд уг заставт ирээд удаагүй, залуухан дарга нарын нэг гэнэ. Гэр бүлээрээ нүүж очсон талийгаачийн эхнэр нь заставын эрүүл мэндийн зааварлагчаар ажилладаг юм гэдгээс өөр мэдээллийг өгсөнгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )