“Гахайн ферм”-ийнхэн дахиад л популизмын сүрчиг ханхлуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29


 

Сэтгүүлч Дашрэнцэн тэр жил “Гахайн фермийнхэн” гэсэн өгүүлэл нийтэлж билээ. Өнөөгийн улс төрчдийг тэр гахайтай зүйрлэсэн хэрэг. Ер нь улс төрийн бохир заваан бүхнийг муу муухай юутай ч зүйрлэж болохоор байгаа юм. Гэхдээ гахай бол тийм ч заваан амьтан биш. Ялангуяа фермийнхээ өрөө тасалгаанд хамаагүй бааж шээдэггүй. Шавхайн дотор хэвтэх дуртайдаа л хүмүүст муухай харагддах байх. Харин улс төрчдийн хувьд өнөөдөр гахайнаас долоон дор санагдах боллоо. Сонгууль ойртоод тэр үү, тэднээс сүүлийн үед өнөөх популист сүрчиг нь хамар сэтлэх шахам ханхалж байна. Д.Очирбат гишүүн гэхэд л эх хүүхдэд зориулсан мөнгөн халамжийн хууль санаачлах юм гэнэ. Бүр гуч, дөчүүлээ нийлээд зах хязгаар нутгийн төрийн албан хаагчдад халамжийн үйлчилгээ үзүүлэх хууль батлуулах гээд гүйцгээж байгаа. Иргэдээ ялгаварласан ийм хууль хэнд хэрэгтэй юм бол оо. Хөдөөгийн сумдад төрийн албан хаагч хэд бий билээ.

Тэгж байтал саяхан төрийн шаргал ордноос татварыг тэглэх шинэ санаачлага гарч байгаа сураг сонсогдлоо. Хэн ч татвар төлдөггүй болох юм байх аа, тэгээд. Зах зээл өндөр хөгжсөн орнуудаас анх “Та татвар төлөх нь үнэн. Бас үхэх нь үнэн” гэсэн үг одоо болтол “хууль” мэт яригдаж буй. Төр татвараар үйл ажиллагаагаа явуулж, иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Татвар өндөр байх тусам төрийн хяналт, бусад үйлчилгээ нь улам чанаржих зүй тогтолгүй юм л даа. Иргэн бүр цалингийнхаа 10 хувийг татвар өгч байгаа нь “надад сайн үйлчлээрэй төрийн албан хаагчид минь” гэсэнтэй яг адил. Иргэд маань төрдөө итгэж, энэ үгийг ам хэлээрээ бус мөнгөн илэрхийллээр хэлээд байгаа хэрэг л дээ. Аж ахуйн нэгжүүд ч мөн ингэж хэлээд татвараа төлдөг. Гачлантай нь Засгийн газар дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө төгсгөлийн жил рүү орох гэж байхдаа иргэд болон дэвшилтэт үзэл санаатай зарим улс төрчдөөс “Онц муу” дүн авлаа. Мөрийн хөтөлбөрийнх нь дотроос биелсэн юм тун бага ажээ. Шударга ёс энээ тэрээ гэж яривал харин ийм төр, засагт татвар төлөх нь буруу байж болох юм шүү. Улаан цагаан луйвар хийдэг төр засгаа эсэргүүцэж татвар төлөхгүй байхыг уриалан тэмцээд үр дүнд хүрч байсан улс орнууд цөөнгүй бий. Тэгвэл эсрэгээр нь Засгийн газар ирэх сонгуулийн өмнө татвараа тэглэсэн сюрприз барихаар болжээ. Үүнийг юу гэж ойлговол болмоор юм дээ. Сонгуулийн өмнөх шоу гэвэл арай энгийнээр үнэнд дөхөж буух болов уу. Хэрвээ тийнхүү хэнээс ч татвар авахаа больчихвол иргэд, аж ахуйн аль ч байгууллагад хариуцлага гэгч нь гялтайх ч юмгүй болтлоо цайж орхих байх. Өөрөөр хэлбэл татвар нь иргэн, төр хоёрын хооронд үүсдэг хариуцлагын дэнчин гэж бүдүүн тоймоор хэлж болно. Татваргүй төрд юун хяналт, шалгалт, цэрэг, цагдаагийн хамгаалалт байх билээ. Татварын өнөөгийн нийт хуримтлалын хэмжээний мөнгийг өөр эх үүсвэрээс босгодог төр нь өөрөө бас эргэлзээтэй. Төр гэдэг маань бизнесийн байгууллага юм уу гэсэн асуулт аяндаа гараад ирнэ. Төр цаад тэжээгчээсээ энэ жил бага мөнгө хурааж авсан бол сонгуулийн жилд  түүнийгээ хэд дахин нугалж авч болох талтай. Ийнхүү төрийг өөрийг нь тэжээдэг “угж”-ны сүү ус болон шороон хачиртай байх нь хэнд ч хамаагүй болж орхино доо. Ер нь энэ гахайн фермийн популизм бол ёстой ална шүү, манийгаа.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top