Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч талын Монголд анх удаа хөл тавьж байна. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Энэтхэгт айлчилсан бол тус улсын Төрийн тэргүүний хариу айлчлал энэ зун тохиов. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил түүний нөхөр Девинсингх Рамсингх Шекхават нар уржигдар манай улсад ирсэн юм. Тэднийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авснаар төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Угтах ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Төрийн ордонд зочилж, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж үлдээлээ. Хоёр орны Ерөнхийлөгч нар ёслолын уулзалт хийж хоёр тал хэлэлцээ хийсэн юм. Хоёр тал батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороод хамтран ажиллах санамж бичиг, Сэтгүүлч харилцан солилцох хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Албан ёсны хэлэлцээний үеэр ярьж тохирсон зүйлийнхээ талаар хоёр Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Яриа хэлэлцээ элгэмсэг дотно уур амьсгалд болсныг хоёр тал онцлов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлийг ажил хэрэг болгох, ахиц гаргах талаар энэ удаад нэлээд ярилцсан байна. Хоёр орны бүс нутгийн харилцаа, батлан хамгаалах, улс төрийн харилцаанд ахиц гарч, харин уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа эхэлж буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Мөн Энэтхэгт суралцах оюутны тоог нэмэх, тэтгэлгийн талаар ярилцсан байна. Хоёр тал Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн Монгол-Энэтхэгийн хамтарсан төв байгуулахад зориулж БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ. Энэтхэгийн тал хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, мөн Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Түүнчлэн хоёр тал Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Монголчуудын хувьд түүхт дөрвөн тэгш ой тохиосон зун айлчилсандаа тааламжтай байгаагаа Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил хэлсэн. Тэрээр бүс нутгийн харилцааны асуудлыг шийдэх чухал уулзалт болсныг онцолсон. Хэлэлцээний үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг өргөтгөх талаар ярилцсан байна. Энэтхэгийн сэтгүүлчдийг Монголд солилцоогоор ажиллуулж Монгол орны тухай сурвалжлага бэлтгүүлэх сонирхолтой байгаагаа хатагтай Пратибха Девисингх Патил онцолсон. Тэрээр "Монгол Улс саяхан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсон билээ. Энэ хугацаанд БНЭУ-ын зүгээс бүхий л бололцоогоороо Монгол Улсад туслаж, дэмжиж, хамтран ажиллахаа амласан.
Монгол Улсын зүгээс Энэтхэг улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болоход туслалцаа үзүүлсэнд талархлаа илэрхийлье. Миний энэ удаагийн айлчлал Монгол, Энэтхэгийн цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Энэтхэг, Монголын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-ын Ерөнхийлөгчийг халуун дотноор хүлээн авсанд гүн талархал илэрхийлээд Энэтхэгт дахин айлчлахыг урьж байна" хэмээв. Мөн Монголын сэтгүүлчдийг ч Энэтхэгт ажиллуулах боломжтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Сэтгүүлч солилцох тухай хөтөлбөрт хоёр тал гарын
үсэг зурж баталгаажуулсан тухай дээр дурдсан билээ. Хэвлэлийн хурлын дараа Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд зочид цэцэг өргөсөн юм. Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патилд Ерөнхий сайд С.Батболд болон Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл бараалхав. Энэтхэгийн Төрийн тэргүүн өнөөдөр болох Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн "Монгол шилтгээн"-д бэсрэг наадам үзэж сонирхоод маргааш эх орондоо буцна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )