”Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ: Би олон ахтай хамгийн бага нь ч, надад эрх зан байхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

 Амьд хөгжмийн гайхамшиг, залуусын эрч хүчийг мэдрүүлдэг "Чоно"-ынхон нам гүм байгаа. Тиймээс бид энэ дугаарын зочноор "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээг урьж ярилцлаа.

-Танай хамтлагийнхан ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Чимээгүйхэн байгаад гэнэт тэсрэлт хийх нь үү?

-Сүүлийн үед манай хамтлагийнхан хувийн амьдралдаа анхаарал хандуулаад уран бүтээлээ хэсэг завсарласан. Гэхдээ би хувийн уран бүтээлээ туурвисаар байна. Миний хоёр дахь бие даасан уянгын дууны цомог болон гитарын соло гоцлолын цомог маань бэлэн болж байна. Удахгүй олны хүртээл болно. Мөн дуучин Одноотой хамтарч шинэ уран бүтээл хийж байгаа. Клип нь тун удахгүй дэлгэцнээ гарч та бүхэндээ бэлэг барина. 

-Таныг хоол хийх хоббитой гэж сонссон. Сүүлийн үед эрэгтэй тогооч нар моод болоод байгаа. Энэ салбар луу орох сонирхол байна уу?

-Тиймээ. Би хоол хийх дуртай шүү. Гэхдээ миний мэргэжил өөр шүү дээ. Одоогоор энэ салбар луу орно гэж бодсон юм алга. Чадахгүй л болов уу.

-Өөрийнхөө нэрийн хоолны жорыг сонирхуулаач?

-Миний хийх дуртай, мөн идэх дуртай хоолны жор тасалсан гурилтай шөл дөө. /инээв.сур/

-Танай хамтлагийг "Хамгийн залхуу хамтлаг"-аар нэрлэж байсан. Уран бүтээл хийхгүй байгаа нь юутай холбоотой вэ. Хувийн амьдрал ч юмуу, ямар нэгэн зүйл нөлөөлж байна уу?

-Залхуу ч бас биш л дээ. Бид олныг бөөндөх биш, чанартай, час хийсэн уран бүтээлээр бэлэг барих дуртай. Хамтлагийн гишүүд маань залуу хүмүүс. Тиймээс хувийн амьдралтай нь ч бас холбоотой гэж болно.

-Дэрмээг түвдээр дуулж, уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Түвдээр дуулсан дуу бол байхгүй шүү дээ. 2007 онд Түвдийн алдартай, залуу дуучин бүсгүй Монголд ирж тоглоход би хамт 11 бадаг дуу дуулсан юм. Түүнийг л Түвдээр уран бүтээл хийж байна гэж буруу ташаа ойлгосон байж магад.

-Хамгийн сүүлд цэнхрээр үсээ будуулсан байх аа. Зарим хүн буруу ойлгохоо дөхсөн шүү?

-Тэр бол тухайн үеийн манай хамтлагийнхны шинэ стиль байсан. Хамтлагийн бүх гишүүд өнгө өнгөөр үсээ будсан шүү дээ.Тэгээд надад цэнхэр нь таарсан. Түүнээс биш өөр юм бодож будуулаагүй. Яахав өөр талаас нь хардаг хүмүүс тусдаа байдаг байлгүй дээ.

-Ер нь стиль имижээ хэрхэн тодорхойлдог вэ?

-Энгийн, даруухан талдаа. Шаардлагатай үед хувирч чадна.

-Сүүлийн үед урлагийнхан их брэнд ярьдаг болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би бол өөртөө таалагдсан хувцсаа өмсөх дуртай. Тэгж айхтар брэнд хөөх дургүй.

-Хамгийн сүүлд авсан гангарааныхаа талаар залууст сонирхуулаач?

-Сүүлд авсан хувцсаа сайн санахгүй байна. Гоё зурагтай футболк авсан шиг санаж байна шүү.

-Та их олон ахтай. Хамгийн бага дүү эрх биз?

-Тиймээ. Би олон ахтай. Гэхдээ хамгийн бага нь ч гэлээ надад эрх зан байхгүй.

-Хааяа ах нараараа донгодуулна биз. Хэн нь танд илүү зааж зөвлөдөг вэ?

-Сургамж зөвлөгөө авах, загнуулах зүйл зөндөө байдаг. Намайг буруу гишгэх үед тэд маань зааж зөвлөж, засч өгдөг.

-Дэрмээ хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би хоёр охин, нэг хүүтэй. Хоёр охин маань сургуулийн сурагч болсон. Хүү маань сая хоёр нас хүрлээ. Миний эхнэр Ариунзаяа, бүжгийн багш мэргэжилтэй. Одоо өөрийн "S,Line" аэробик бүжгийн клуб ажиллуулдаг.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top