“Гал үндэстэн” холбооныхон урьдчилан хорих төвөөс гармагцаа хамтран тэмцэгч “Анод”-ын Н.Давааг “Ганц худагт” байхад нь эргэж очив. Түүний бие тааруу байгаа бөгөөд ирэх долоо хоногоос наранд гарч ирэх бололтой. Харин “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийнхөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаад байгаа ажээ. Тэднийг уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан гэдгээр нь буруутгаж байна. Гэхдээ Ц.Мөнхбаяр болон бусад нөхөд нь үүнийг гэмт хэрэг гэж огтхон ч үзэхгүй байгаа юм байна. Ц.Мөнхбаярын ярьж байгаагаар бол тус холбооныхон өөрсдийн хийсэн болон хийх гэж буй ажлаа иргэддээ илэн далангүй танилцуулж явсан нь цагдаа нарт “зууш” болсон гэнэ. Өвөрхангай аймагт тэднийг очоод байхад цагдаагийнхан “Хэдүүлээ уулзаж, хамтран ажиллах талаар ярилцах хэрэгтэй байна” гэж удирдах зөвлөлийн гишүүдийг нь хууран мэхэлж аймгийн төв болон хотод авчраад баривчилжээ. Мөн иргэд аж ахуйн байгууллагаас мөнгөн хавдив өгснийг нь цагдаа нар авлига хэмээн шалгахаар болсон байна. Ц.Мөнхбаяр энэ бүгдийг эсэргүүцэхдээ “Бид цаашдаа алдаагаа засна. Тэмцлийн ажлаа бүрэн гүйцэд хийнэ” гэлээ. Тэд уул ус, газар шороогоо ямартай ч бүрэн бүтэн авч үлдэх гэсэн чин хүслээ гүйцээх бололтой. Мөнгө төгрөгтэй холбоотой зүйлийн талаар тэрээр “Тэгж яривал бид тэмцэлд оролцсон хүмүүст өдөрт 25 мянган төгрөг өгөхөөр тохиролцсон. Амь насаараа дэнчин тавьж буй ийм тэмцэлд ар гэрийнхнээ мөнгөгүйгээр орхиод ирж байгаа шүү дээ, тэд нар чинь. Гэхдээ ихэнх нь мөнгөний төлөө бидэнтэй нэгдээгүй. Би гурван өрөө байраа зарсан нь үнэн. Энэ ч яахав. Хамгийн гол нь бид эцсийг хүртэл тэмцэнэ” гэв.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )